Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Капитолын үймээн самууны улмаас Parler сошиал платформ дампуурлын ирмэгт хүрэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Капитолын ордонд гарсан үймээн самууны дараа сошиал сүлжээний компаниуд Трампыг дэмжигчдийн түгээсэн хүчирхийллийн агуулгатай материалуудыг устгаж, арьс өнгөний болон бусад радикал үзэлтнүүдийн олон арван хуудсуудыг хаасан юм.

Үүний дараа Трампыг дэмжигчид төдийлөн танил биш Parler сошиал платформ руу олноороо шилжиж, өөрсдийн үзэл бодлыг сурталчилж эхэлсэн байна.

Гэвч Parler сошиал платформ тэдний орогнох газар болж чадаагүй юм. Apple, Google компаниуд хүчирхийллийн агуулгуудыг хязгаарлаж чадаагүй гэсэн шалтгаанаар Parler-ийг тус тусын аппликэйшн дэлгүүрээс хассан байна.

Amazon компани ижил шалтгаанаар cloud серверээсээ Parler-ийн вэбсайтыг хаажээ.

Өчигдөр Parler компанийн гүйцэтгэх захирал Жон Маце хэвлэлд ярихдаа бизнес нь дахин сэргэхгүйгээр дампуурч магадгүй болсныг хэлсэн байна.

Тус платформ нийт 12 сая гаруй хэрэглэгчтэй ажээ.

Маце хэд хэдэн cloud үйлчилгээний компанитай хамтран ажиллах талаар ярилцаж байгаагаа хэлсэн ч нэрсийг дурдахаас татгалзсан байна.

Даваа гарагт тэр Amazon компанийг шүүхэд өгчээ. Amazon компани Parler платформыг зөвхөн Капитолын үймээний улмаас хаагаагүй, өнгөрсөн оны сүүлээр агуулгадаа хяналт тавихыг анхааруулж байсан гэж тайлбарласан юм.

Харин Жон Маце өөрийнх нь платформ Капитолын үймээнийг гарахад шууд нөлөө үзүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүхэд гомдол гаргажээ. Хэрвээ ийм нотолгоо байгаа бол үзүүлэхийг тэр Amazon компаниас шаардсан байна.

Дээрх компаниудаас гадна төлбөр тооцооны Stripe, American Express компаниуд Parler-ийн хэрэглэгчдэд үйлчлэхээ зогсоосон байна.

 

Эх сурвалж: Reuters