Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн хамгийн том хот Истанбул 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь усны нөөцгүй болох аюул тулгарчээ.

Тухайлбал тус улсын хамгийн том хот болох 17 сая оршин суугчтай Истанбулд ердөө 45 хоногийн усны нөөц үлдээд байна.

Нийслэл Анкара хотын захирагч Мансур Яваш тус хотын ус хуримтлуулах даланд 110 хоногийн нөөц үлдээд байгааг энэ сарын эхээр мэдэгдэж байжээ.

Дараагийн том хотууд болох Измир, Бурса хотуудын даланд тус бүр 36, 24 хувийн усны нөөц үлдсэн байна.

2020 оны хоёрдугаар хагаст Турк даяар маш бага хур тунадас орсон нь ийм үр дүнд хүргэжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Туркийн шашны хэрэг эрхлэх төв байгууллага хур гуйж мөргөх даалгаврыг исламын шашны бүх лам хуврагуудад өгч байв.

Турк бол жилд нэг хүнд 1,346 шоо метр ус оногддог, усны нөөц муутай орон юм. 1980-аад оноос хойш хэд хэдэн том ган болсон нь уур амьсгалын өөрчлөлтөөс гадна хүн амын өсөлт, аж үйлдвэржилттэй холбоотой гэгддэг.

Усны гачигдлаас салахын тулд нөөцийн далан олныг нэмж байгуулах хэрэгтэйг Истанбулын Бодлогын Төвийн мэргэжилтэн, доктор Акгюн Илхан ярьж байна.

“Аюулын дохиог олон арван жилийн турш бид мэдэрч байгаа ч бодит байдал дээр хангалттай арга хэмжээ авахгүй байна” гэж тэр шүүмжилжээ.

АНУ-аас гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын гэрээг батлаагүй Их 20-ын гишүүн ганцхан улс Турк юм. Анкарагийн эрх баригчид эдийн засгийн өсөлтөө нэгдүгээрт тавьсны улмаас уг гэрээнд нэгдээгүй байгаа гэдэг.

Измир хотын захирагч Тунч Сойер “Турк улсад усны гачигдлаа шийдвэрлэх эдийн засгийн болон технологийн арга хэрэгсэл байгаа. Одоо зөвхөн улс төрийн хүсэл сонирхол дутаж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian