Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп конгрессоор гэм буруугаа хоёр удаа шүүлгэсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт АНУ-ын конгрессийн төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Дональд Трампын гэм буруутай үйлдлийг шүүх асуудлаар санал хурааж, дэмжлээ. Одоо ерөнхийлөгчийг шүүх ажиллагааг Сенатын танхим гүйцэтгэх юм.

Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн суудлаас огцорно.

Төлөөлөгчдийн танхимын олонх болдог Ардчилсан Намын төлөөлөгчид дээр Бүгд Найрамдах Намын 10 төлөөлөгч нэмэгдсэнээр 232:197 харьцаатай саналаар Трампыг шүүхээр болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Капитолын ордонд гарсан үймээн самууныг турхирсан гэж энэ удаа Трампыг буруутгаж байна.

Тэрбээр 2019 онд эхний удаа конгрессоор шүүгдэхдээ өрсөлдөгч Жо Байдентай холбоотой хэргийг шалгуулахын тулд Украины ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн, үүнийг нь мөрдөн шалгах конгрессийн түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутгагдаж байв.

Тухайн үед Бүгд Найрамдахчууд олонх болдог АНУ-ын Сенатын танхим Трампыг гэм буруугүй гэж үзсэнээр асуудал шийдэгдэж байжээ.

АНУ-ын түүхэнд хоёр удаа конгрессоор шүүлгэсэн ерөнхийлөгч байхгүй. Түүхэнд Трампаас гадна хоёр ерөнхийлөгч л шүүгдэж байсны нэг нь Эндрью Жэксон (1868 он), нөгөө нь Билл Клинтон (1998) юм.

Гэхдээ тэдний хэн нь ч албан тушаалаасаа огцролгүй өнгөрч байжээ.

Бас нэг ерөнхийлөгч Ричард Никсон өөрийг нь конгрессийн төлөөлөгчдийн танхим шүүхээс өмнө огцрох шийдвэр гаргаж байв.

Одоо Дональд Трампын хувь заяаг конгрессийн дээд танхим болох Сенат шийднэ. Сенат дахь Бүгд Найрамдах Намын бүлгийн дарга Мич Макконел шүүх ажиллагааг энэ долоо хоногт багтааж эхлүүлсэн ч эцсийн шийдвэр шинэ ерөнхийлөгч Жо Байденыг тангараг өргөсний дараа гарна гэж мэдэгджээ.

Жо Байден нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм.

“Конгресс болон гүйцэтгэх засаглал шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, эрх мэдэл шилжүүлэх үйл явцад үлдэж буй долоон өдрийг бүрэн зарцуулах шаардлагатай байна” гэж Макконел мэдэгджээ.

Эндээс харвал Трампыг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа Сенатын шүүх ажиллагаа явагдах төлөвтэй байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол Трампын улс төрийн замнал бүрмөсөн төгсөж, дахин сонгуульт ажил хийх боломжгүй болно гэж зарим судлаачид дүгнэжээ.

Төлөөлөгчдийн танхимын санал хураалтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл гаргасан юм. 

Цагаан ордны твиттер хуудсаар цацагдсан видео мэдэгдэлдээ Трамп өнгөрсөн долоо хоногт Капитолын ордонд үймээн самуун гарсанд харамсал илэрхийлээд “хүчирхийлэл, танхайралд ямар ч орон зай байхгүй” гэж мэдэгджээ.

Ингэхдээ тэр өөрийг нь шүүх импичменттэй холбоотой сэдвээр ганц ч үг хэлээгүй байна.

 

Эх сурвалж: BBC