Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Индонез улс өнөөдөр Хятадад үйлдвэрлэсэн вакцинаар коронавирусийн эсрэг дархлаажуулалтын аянаа эхлүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо

Хүн амын тоогоор дэлхийд дөрөвт ордог Индонез улс өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын аянаа Хятад улсад үйлдвэрлэсэн вакцинаар эхлүүллээ.

Тус улсын ерөнхийлөгч Жоко Видодо өнөөдөр өглөө анхны тунгаа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн өмнө хийлгэжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Индонезийн шашны дээд зөвлөл уг вакциныг муслим хүмүүст хийхэд тохиромжтой буюу “халал”гэсэн дүгнэлт гаргаж байв.

Хятадын Sinovac BioTech компанийн вакциныг эхний ээлжинд эмч нар, төрийн үйлчилгээний албан хаагчид, өндөр настнууд зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийхээр болжээ. 

Индонезийн бүх иргэдэд вакцин үнэ төлбөргүй байна. Тус улсын хүн амын гуравны хоёр буюу 181.5 сая хүнийг вакцинжуулж чадвал сүргийн дархлаа тогтоно гэж тооцоолжээ. Үүнд 427 сая тун вакцин шаардлагатай.

Sinovac-ийн эхний вакцин арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Индонезид ирснээс хойш тусгай хөргүүрт, зэвсэгт хүчний хамгаалалт дор хадгалагдаж байв.

Индонез нь Sinovac-ийн вакциныг Хятадаас гадна хамгийн өргөн хүрээнд ашигласан тохиолдол болж байна.

Тус улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 846,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 24,600 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: Associated Press