Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Насанбат: Мөрдөх эрх бүхий байгууллагаас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг түдгэлзүүлэх санал гаргаагүй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Улс төрийн хоригдлууд гэгддэг Н.Номтойбаяр, Э.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэж байна. Үүнд прокуророос ямар хяналт тавьж байгаа вэ. Тэднийг хохиролгүй хэрэгт шийтгэж байгаа талаар тайлбар өгнө үү?

-Улс төрийн хоригдол гэх ойлголт байдаггүй. Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт давуу байдал бий болгох гэсэн шинжийг тодорхойлсон. Энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийн тодорхойлолт нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан үйлдэл эсвэл эс үйлдэхүй байна. Үүний улмаас бусдад эрх, давуу байдал, тэгш бус байдал бий болгосон нөхцөл байдал байхаар хуульчилсан. Энэ нь заавал өртгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол учруулсан байхыг энэ гэмт хэргийн шинжид шаарддаггүй. Тийм учир энэ зүйлчлэлээр шийдвэрлэсэн хэргүүд дээр хууль бус буюу хууль зөрчиж шийдвэр гаргасан процесс байхгүй. 

-Зоригийн хэрэг дээр ажилласан хүмүүс эхнээсээ ял авсан. Энэ хэрэг одоо ямар шатанд байна вэ?

-Төв аймгийн сум дундын Анхан шатны шүүхээс энэ хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Энэ хэрэг дээр прокурор эсэргүүцэл бичсэн. Мөн бусад оролцогч, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нар Хяналтын шатны шүүхэд хандан гомдол гаргасан. Иймд Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Мөн Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. 

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бүрэн эрхийг түдгэлдүүлэх асуудал яригдаж байсан. Энэ хэрэг хэрхсэн бэ?

-Мөрдөх эрх бүхий байгууллагаас энэ талаар ямар нэг санал гаргасан зүйл байхгүй.

-Том хэргүүдэд прокурор хаалт тавьдаг гэх асуудалд ямар тайлбар өгөх вэ. Олон оролцогчтой авлигын хэргүүдийг хэд хоног хяналт тавьж, шүүхэд шилжүүлдэг вэ?

-Эрүүгийн хэрэгт том, жижиг гэдэг ялгаа байдаггүй. Хэрэг бол хэрэг. Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хэргүүдэд хяналт тавин шийдвэрээ гаргадаг. Олон үйлдэлтэй, олон яллагдагчтай хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, шүүхээр хянан шийдвэрлэх зэрэгт цаг хугацаа, хөдөлмөр их шаарддаг. 

Олон яллагдагчтай, олон хавтастай хэрэгт яллагдагч бүрт үйлдэл бүрийнх нь тоогоор прокурор хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэр гаргадаг. 

Жишээлбэл, 460 гаруй хавтастай Оюу Толгой компанитай холбоотой хэрэгт гурван прокурор хяналт тавин ажилласан. Хавтас бүр нь 250 хуудастай уг хэргийг шийдвэрлэхэд ажил амралтын өдрийг алгасалгүй ажиллахад гурван сарын хугацаа зарцуулсан. 

-Яг одоогоор авлига албан тушаалын хэдэн хэрэг хяналтад байна вэ?

-Нийслэлийн прокурорын газарт авлига албан тушаалын хэрэг бүртгэлтийн 226 хэрэг, мөрдөн байцаалтын 64 хэрэг нийт 290 хэрэг хяналтад байна. 

ВИДЕО:

https://fb.watch/2_3tysizHR/