Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Дани, Их британи улсад бохир усны цооногоос нь коронавирус илэрсэн. Харин манай улсад ийм тохиолдол одоогоор гараагүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Монгол Улсад анх гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлын 2 сар гаруй хугацаанд эмчилж байсан. Харин одоо өвчилсөн хүмүүс 20 орчим хоног эмчлэгдээд гарч байна. Вирусийн шинж чанар хоорондоо ялгаатай юу?

Д.Нарангэрэл: Монгол Улсад анх бүртгэгдсэн тохиолдол буюу Франц иргэн нийт 56 хоног эмчлэгдэж эдгэрсэн. Тэрбээр уушгины хүнд хэлбэрийн хатгаатай, биеийн байдал нь маш хүндээр өвдсөн байсан тул бид ч тухайн үед нэлээд сандарч байсан гэдгийг хэлье.

Ер нь дэлхий дахинд коронавирусийн хүнд болон хөнгөн тохиолдлуудыг эмчлэх тактик өөр, өөр бөгөөд хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалж эмчлэгдэн эдгэрэх хоног харилцан адилгүй. Тухайн үед Франц иргэний хавьтал болсон бүх хүмүүсийг тусгаарлан шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Энэ нь тухайн үед амны хаалтаа сайн зүүж, хүн хооронд зайгаа сайн барьж байсантай холбоотой гэж үзэж байгаа. Энэ тал дээр судалгаа хийгдэж буй.

Тэр үед Франц иргэн суусан таксиныхаа жолоочид хүртэл амны хаалт зүүхийг нь сануулж байсан тухайгаа ярьж байв.

А.Амбасэлмаа: Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлыг тухайн үед ДЭМБ-аас гаргасан удирдамжийн дагуу эмчилж байсан. Харин сүүлийн үед ДЭМБ эмнэл зүйн удирдамжаа өөрчилж, эмчилгээний ор хоногийг цөөрүүлсэн.

Тодруулбал, өвчлөөд хүндрээгүй үед нь вирусийн эсрэг эмчилгээг 10 хоног хийж, дараа нь эмнэл зүйн шинж тэмдэг нь 3 хоногийн хугацаанд илрэхгүй бол дараагийн шатны ажиглалт руу шилжүүлэхээр болсон.

Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайдын тушаал гарсан нь коронавирусийн хөнгөн өвчтөний ор хоногийн тоог 10 болгож, шинжилгээгээр цусанд нь эсрэг биет үүссэн байвал тухайн өвчтөнийг дараагийн ажиглалтад буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжүүлж байхаар болсон юм.

Бидний өнөөдөр эмчилж эдгэрүүлээд буй 900 гаруй хүнээс буцаад өвчилсөн хүн одоогоор байхгүй.

-Одоогоор эх уурхай нь тодорхойгүй тохиолдол байгаа юу?

А.Амбасэлмаа: Өнөөдрийн байдлаар голомтуудаас өөр газраас буюу голомтуудтай холбоогүй халдварын тохиолдол гараагүй. Гол нь иргэд цаашид халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай.

Халдвартай хүнтэй амны хаалтгүй 1.5-2 метрээс дотогш зайд харилцсан хүмүүс ихэвчлэн халдварт өртөж байна.

Нийт тохиолдлуудыг харахад,

  • нэг ажлын хамт олон дундаас халдвар илрэлт нь 20%,
  • гэр бүлийнхэн 40%,
  • олон нийтийн арга хэмжээнд оролцсон хүмүүсээс 10%,
  • гудамж, орцноос хамааралтай 10%
  • өвчтөнтэй хавьтал болсноос гарах нь 20% байна.

-Өвчлөөд эдгэрсэн хүмүүст хэрхэн хяналт тавьж байгаа вэ. Мөн халдвар аваад эмчлэгдэж байгаа хүмүүсээс гарч буй бохирыг аюулгүй болгож байгаа юу?

Д.Нарангэрэл: Дани болон Их британи улсад коронавирусийг бохир усны цооногоос илрүүлсэн байна. Тиймээс энэ асуудал маш чухал.

Энэ тал дээр НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн тандалтын хэсгээс тандалт, судалгаа хийж буй. Одоогоор манай улсад ийм тохиолдол гараагүй байна. Гэхдээ цаашид газар гэсэж, дулаарах үед энэ шинжилгээг нарийн хийх шаардлага бий. Тиймээс иргэд гадуур явахдаа нус, цэрээ хаяхгүй байх нь их чухал гэж үзэж байна.

Харин өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн тухайд эмнэлгээс гарснаас хойш 14 хоногийн хугацаанд хянаж тандаж, коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/430491254659214

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.