Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгчийг Кремлиэс зайлуулах зорилготой Якут бөө Москва хот руу дахин аялахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

2019 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Кремлиэс зайлуулахаар Москва хот руу явган аялж байсан Якутын бөө энэ жил аялалаа дахин сэргээхээр болсноо зарлажээ.

YouTube сүлжээнд байрлуулсан мэдэгдэлдээ бөө Александр Габышев энэ оны гуравдугаар сард төрөлх Якутаасаа нийслэл Москва хот руу гарахаар болсныг мэдэгдсэн байна.

Өмнө нь явган аялж байсан бол энэ удаа морьтой гарахаар болжээ. Дэмжигчид нь энэ удаа автомашинаар араас нь дагахаар болсон гэнэ.

“Бид Сибирийг хөндлөн туулж, Уралын нуруунд хүрч чадвал Москва руу ганц үсрээд л очино” гэж Габышев ярьжээ.

Габышев 2019 оны гуравдугаар сард анх Якутаас Москва руу алхаж эхлэхдээ Владимир Путиныг чөтгөр гэж нэрлээд түүнийг Кремлиэс хөөж гаргах зорилготойгоо тайлбарлаж байв.

Тэрбээр тухайн үед 2,000 гаруй километр замыг туулахдаа олон зуун хүнтэй уулзаж байжээ.

Габышевын видео бичлэгүүд Оросын сошиал сүлжээнд өргөн тархаж, сая сая хүн үзэж байв. 2019 оны долдугаар сард тэр Чита хотод ирэхэд “Путингүй Орос орон!” уриан дор 700 гаруй хүн оролцсон жагсаал болж байжээ.

Энэ жагсаалд үг хэлэхдээ Габышев “Бурхан тэнгэр Путин бол хүн биш, албин чөтгөр гэж хэлээд түүнийг зайлуулах тушаалыг надад өгсөн юм” гэж байв.

Дараа нь түүнийг есдүгээр сард Буриадад ирэхэд нь цагдаа нар саатуулж, Якут руу буцааж байжээ.

Габышев нутаг буцсаны дараа сэтгэцийн эмнэлэгт хэсэг хугацаанд эмчлүүлсэн гэдэг.

 

Эх сурвалж: Radio Free Europe