Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп терроризмийг санхүүжүүлэгч орны жагсаалтад Куба улсыг нэмж, Байдены төлөвлөгөөнд саад учрууллаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Вашингтон хот дахь Кубын элчин сайдын яам

Албан тушаалаа өгөхөөс хэдхэн хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хөрш Куба улсыг терроризмийг санхүүжүүлэгч орнуудын хар жагсаалтад оруулжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэхүү шийдвэрийг Даваа гарагт зарласан юм. Өмнөх ерөнхийлөгч Барак Обама урд хөрштэйгээ найрамдалт харилцаа тогтоохын төлөө ажиллаж 2015 онд энэ жагсаалтаас хасаж байв.

Тэр бас 2016 онд Куба улсад айлчилсан нь 1928 оноос хойш АНУ-ын ерөнхийлөгч эрх чөлөөний аралд хөл тавьсан анхны тохиолдол болж байжээ.

Удахгүй тангараг өргөх шинэ ерөнхийлөгч Жо Байден мөн Обамагийн гадаад бодлогыг үргэлжлүүлж, Кубатай харилцаагаа сайжруулах бодлого танилцуулж байсан юм.

Тэгвэл Трампын засаг захиргаанаас гаргасан энэ шийдвэр дараагийн ерөнхийлөгчийн гадаад бодлогын хэрэгжилтэд саад учруулж байна.

Одоогоор уг хар жагсаалтад Иран, Умард Солонгос, Сири гэсэн гурван улс л байдаг юм.

Судан улс саяхан Израйльтай харилцаагаа хэвийн болгосны хариуд жагсаалтаас хасагдсан байна.

Кубын эрх баригчид олон арван жилийн турш “алуурчид, тэсрэх бөмбөг үйлдвэрлэгчид, барьцаалагчдыг улс орондоо орогнуулж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн” гэж Майк Помпеогийн мэдэгдэлд өгүүлжээ. Мөн 1970-аад оны Америкийн радикал үзэлтнүүдийг орогнуулдаг гэж буруутгасан байна.

Харин Куба улс АНУ-ын газар нутагт террорист ажиллагаа явуулсан гэх ямар нэг баримт дурдаагүй байна.

Кубын гадаад хэргийн сайд Бруно Родригез Паррилла “Куба улсыг терроризмийг санхүүжүүлэгч орнуудын хар жагсаалтад оруулсан АНУ-ын хоёр нүүртэй, увайгүй шийдвэрийг бид харамсан хүлээж авч байна. Улс төрийн ашиг хонжооны улмаас ийм шийдвэр гаргасан нь терроризмийн аюулыг ойлгодог бүх шударга хүмүүс болон терроризмийн хохирогчдод ил байна” гэж твиттер хуудсандаа мэдэгджээ.

Хэдийгээр шийдвэрийг Байдены засаг захиргаа буцаах боломжтой ч терроризмийг санхүүжүүлэгч улсуудын жагсаалтын ач холбогдол, нэр хүндийг унагах уршигтай гэж Америкийн дипломатчид дүгнэж байна.

Хар жагсаалтад орсноор АНУ-ын гадаад орнуудад үзүүлдэг тусламж дэмжлэгийг авах эрхгүй болж, зарим чухал бараа бүтээгдэхүүнийг импортлох боломжгүй болохоос гадна санхүүгийн төрөл бүрийн хоригт ордог.

Мөн Куба улстай эдийн засгийн харилцаатай хувь хүмүүс, улс орнуудыг Вашингтоны зүгээс шийтгэх эрх нээгддэг юм.

 

Эх сурвалж: CNN