Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д амьтны хүрээлэнгийн горилла мичнүүдээс анх удаа коронавирусийн халдвар илэрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн горилла мичнүүдээс коронавирусийн халдвар илэрснийг өчигдөр зарлажээ.

Үүнийг аварга биет мичнүүдэд коронавирус халдсан дэлхийн анхны тохиолдол байж магадгүй гэж үзэж байна.

Нэг торонд хамт амьдардаг найман мичнээс халдвар илэрсэн бөгөөд заримаас нь ханиалгах шинж тэмдэг илэрч байгааг хүрээлэнгийн захирал Лиса Питерсон мэдээлжээ.

Шинж тэмдэггүй халдвар авсан амьтны хүрээлэнгийн нэг ажилтан мичнүүдэд вирус тараасан гэж таамаглаж байгаа гэнэ.

Одоогоор мичнүүдэд витамин өгч, биеийн байдалд болон зан авирт нь ямар өөрчлөлт гарахыг ажиглаж байгааг мэдээлжээ.

Анх мичнүүдийн ялгадаснаас коронавирусийн халдвар авсныг нь оношилсон байна.

Дэлхий дахинд цар тахал болж өргөжсөн коронавирусийн халдвар амьтдад ямар нөлөө үзүүлдэг нь одоо болтол тодорхойгүй байгаа.

Өнөөдрийн байдлаар нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтдад вирус халдсан цөөн тохиолдол бүртгэгдээд байна.

Зэрлэг амьтдаас муурын төрлийн араатнуудад хэд хэдэн халдварын тохиолдол бүртгэгдсэн юм. Анх 2020 оны дөрөвдүгээр сард Нью Йоркийн Бронксын амьтны хүрээлэнгийн нэг барнаас коронавирусийн халдвар илэрч байжээ.

Дараа нь тус хүрээлэнгийн гурван бар, гурван арслангаас дахин халдвар илэрсэн байна.

Аравдугаар сард Теннесси мужийн Ноксвиллийн амьтны хүрээлэнгийн 11 настай барнаас халдвар илэрч, бусад барнуудын хамт тусгаарлагдан эмчлүүлж байжээ.

Өнгөрсөн сард Кентаки мужийн Луйзвилл дэхь амьтны хүрээлэнгийн цоохор ирвэс мөн коронавирусийн халдвар авсныг оношилж байв.

Дээрх амьтад бүгд бүрэн эдгэрсэн юм.

Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр горилла мичнүүд коронавирусийн халдвар авсныг батлаад тэдгээр амьтдад болон амьтны хүрээлэнгийн захиргаанд түргэн эдгэрэхийг хүсэн ерөөсөн байна.

 

Эх сурвалж: Associated Press