Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Энхсайхан, Д.Отгонбаяр нарт холбогдох зөрчлийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Энхсайхан, Д.Отгонбаяр нарт холбогдуулан хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, дэглэм зөрчсөн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэдүгээр хэлтсийн 14 дүгээр хороон дахь цагдаагийн тасгийн байцаагч Б.Алтангэрэл, гэрч Н.Батцэцэг, зөрчилд холбогдогч Т.Энхсайхан, Д.Отгонбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ариунболд нарыг оролцуулан өнөөдөр шүүх хурлыг хийлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 /Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно/-дахь хэсэгт зааснаар уг хэрэгт хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэв гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Зөрчлийн хэрэг үүсгэсэн Зөрчлийн тухай хуулийн заалтууд:

5.8 дугаар зүйлийн 1 /Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр, эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан/

5.13 дугаар зүйлийн 2 / Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн /-дахь хэсэгт тус тус зааснаар зөрчлийн хэрэг үүсгэжээ.