Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: 18 мянган айлын 150 гаруй орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах боломж Монгол Улсын эрчим хүчний системд шинээр бий боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

“ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ын шинэчлэлтийн ажил дуусаж, ажиллагаанд залгаад байна. 

Тус өргөтгөлийн нээлт өнөөдөр болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтэд очиж үг хэлсэн юм.

Тэрбээр "Эрчим хүчний салбар улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, ард иргэдийн ая тухтай, амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг ҮАБ-тай холбоотой эдийн засгийн суурь салбар болж явдгийг та бүхэн мэднэ.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, хэрэглээний өсөлтийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах зорилгыг тавьж, ажиллаж байгаа билээ.  

Улс орон өөрсдийгөө эрчим хүчээр, нефть шатахуунаар, харилцаа холбоо, дэд бүтцээр хангах ёстой. Ган, нефть, цементийн үйлдвэртэй байх ёстой. Өнөөдрийн энэ сайхан өдөр "ДЦС-4" ТӨХК-ийн хүчин чадлыг 89 МВт-аар өргөтгөх ажил албан ёсоор дуусаад, хүлээж авч байгаад сэтгэгдэл маш их өндөр байна.

  • Төвийн бүсийн эрчим хүчний системийн 70%
  • Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65%-ийг “ДЦС-4” хангадаг улсын суурь болсон цахилгаан станц юм.

Зүйрлүүлж хэлбэл арван аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах нөөц хүчин чадал бий болж байгаа юм. Нийт 18 мянган айлын 150 гаруй орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах боломж нөхцөл Монгол Улсын эрчим хүчний системд шинээр бий болж байна. Тиймээс өнөөдөр том амжилтын баярын өдөр. 

1,2,3,4 дүгээр турбоагрегатуудыг шинэчилсний дүнд турбины ажиллах нөөц 220 мянган цаг буюу 25 жилээр, ашигт үйлийн коэффициент 3%-аар нэмэгдэж буй тооцоо гарсан.

Айл өрхүүдийн эрчим хүчний төлбөрийг төрөөс даах болсонтой холбогдуулан цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээний өсөлтийг найдвартай давах, өвлийн оргил ачааллын үеийг амжилттай давах боломж бүрдлээ.

Өргөтгөлийн ажлыг богино хугацаанд, амжилттай зохион байгуулж чадсан “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлага, инженер техникийн хамт олон ОХУ-ын "Уралын тэргүүний завод" компанийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье" гэв.

Энэхүү бүтээн байгуулалт нь 93 сая долларын өртөгөөр хийгджээ.

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn

ВИДЕО: 

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/732023104375730