Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 2.8%-аар буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) өнгөрсөн оны арванхоёрдугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 144.6 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурч, өмнөх сараас 8 хувиар өссөн болохыг Үндэсний статикстикийн хорооноос мэдээллээ. 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ ийнхүү буурахад уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 4.4 хувиар буурсан нь шалтгаалжээ.

Харин өмнөх сараас /2020 оны арваннэгдүгээр сараас/ 8%-аар өсөхөд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.4% (газрын тос, байгалийн хий олборлолтынх 10.5 хувь, металлын хүдэр олборлолтынх 12.2 хувь) өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс нь тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн болон худалдсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг илэрхийлнэ.

Үнийн индекс тодорхой цаг хугацаанд үнийн түвшний өөрчлөлтийг илэрхийлдэг гэдэг бол үйлдвэрлэгчийн үнийн индекс (ҮҮИ) нь тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн болон худалдсан бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг юм.

Үйлдвэрлэгчийн үнийн индексийг тооцсоноор инфляцийг урьдчилан таамаглах, ДНБ-ийг зэрэгцүүлэх үнэд шилжүүлэх, Засгийн газар болон бизнесийн байгууллагууд бизнесийн дүн шинжилгээ хийхэд болон төрөл бүрийн индексжүүлэлтэд ашиглана.

Үйлдвэрлэгчийн үнийн индексийг тооцоход тухайн бараа, үйлчилгээний жинг тодорхойлсон, тоо хэмжээ, үнэ болон өртгийн мэдээлэл, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал (ISIC), бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн ангилал (CPC)-ыг ашигладаг билээ. 

 

 
ҮСХ