Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Илбэчид хүний биеийг хуваадаг үзүүлбэрийнхээ 100 жилийн ойг тэмдэглэнэ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Ням гарагт хүний биеийг хөрөөгөөр хуваадаг илбийн үзүүлбэрийн 100 жилийн ой тохиох гэж байна.

Өнөөдөр дэлхийн орон орны илбэчдийн нэг чухал үзүүлбэр болсон энэ аргыг P.T Selbit тайзны нэрээр алдаршсан Пэрси Томас Тибблс анх санаачилж, 1921 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Лондон хотод анх удаа олон нийтэд үзүүлж байжээ.

Тухайн үед энэхүү үзүүлбэр нь дуулиан тарьж, сонин хэвлэлүүдийн тэргүүн нүүрийг эзэлж байв.

Өнөөдөр хүний биеийг хуваах үзүүлбэрийн маш олон хувилбар гарч, илбэчид өөр өөрийн арга техниктэй болжээ. Тибблс анх үзүүлэхдээ нэгэн эмэгтэйг модон хайрцганд хийгээд дундуур нь хөрөөдөн хувааж байсан юм. Энэ үед хайрцаг нь битүү байсан бол сүүлдээ эмэгтэйн толгой, хөлийг хайрцагнаас ил гаргаж харуулдаг уламжлалтай болсон аж.

Их Британийн илбийн урлагийг дэмжих, сурталчлах зорилготой Magic Circle байгууллага ирэх Ням гарагт энэхүү алдарт үзүүлбэрийн тухай онлайн шоу нэвтрүүлэг цацахаар бэлджээ.

Арга хэмжээг хэрхэн үзэх тухай Magic Circle байгууллага фэйсбүүк хуудсандаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian