Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Капитолын үймээний үеэр Сенатын танхимыг халдлагаас аварсан цагдаа баатарт өргөмжлөгдөж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Капитолын ордонд Трампыг дэмжигчид дайран орсон билээ.

Энэ үеэр цагдаагийн нэг ажилтан Сенатын танхим руу дайран орох гэж байсан босогчдыг замаас нь хазайлгаж, өөр зүгт дагуулснаар танхимд байсан хууль тогтоогчдын амь нас, эрүүл мэндийг аварсан хэмээн сайшаагджээ.

Капитолын ордныг хамгаалах үүрэгтэй цагдаагийн офицер Южин Гүүдмэн тухайн үед босогчдын нэгийг зориуд түлхэж анхаарлыг нь татаад Сенатын танхимын хаалганы эсрэг зүгт зугтсан байна.

Гүүдмэн өөрөө африк гаралтай америк хүн байсан нь үймээн дэгдээгчдийг араасаа хөөлгөх шалтгаан болсон гэнэ.

Капитолын ордонд дайран орсон хүмүүс ихэвчлэн арьс өнгөний үзэлтнүүд, цагаан арьстныг дээдлэх үзэлтнүүд байсан юм. Тэдний зарим нь Америкийн иргэний дайны үеэр боолчлолыг хамгаалж байсан өмнөд мужуудын холбооны туг далбааг мандуулж явжээ.

“Фашист үймээн дэгдээгчид Капитолын ордонд нэвтрэх үеэр энэхүү эрэлхэг цагдаагийн офицер Сенатын танхимыг халдлагаас сэргийлснээр дотор нь байсан олон хүний амь нас, эрүүл мэндийг аварсан юм. Эр зоригийнх нь төлөө түүнийг бурхан ивээг” гэж конгрессийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Билл Паскрелл өчигдөр твиттер хуудсандаа бичсэн байна.

Гүүдмэн босогчдыг саатуулсны үр дүнд Сенатын танхимын хаалгыг цоожилж, гишүүдийг нүүлгэн шилжүүлэх боломж гарсныг Вашингтон Пост сонин мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters