Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британид тархсан коронавирусийн шинэ хувилбарын анхны тохиолдол ОХУ-д бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны сүүлээр Их Британид анх илэрсэн коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар ОХУ-ын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн тухай Ням гарагт Роспотребнадзор байгууллага мэдэгджээ.

Шинэ жилийн өмнө Их Британиас буцаж ирсэн Оросын иргэн эрэгтэйн шинжилгээнээс уг хувилбар илэрсэн байна.

Одоогоор эрэгтэйд ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байгааг Роспотребнадзорын тэргүүн Анна Попова ярьжээ.

Эх хувилбараасаа 70 хүртэл хувийн өндөр халдварлах чадвартай гэгдэж байгаа шинэ хувилбар Их Британийн хүн амын дунд тарсны дараа дэлхийн олон орон тус улсаас ирэх зорчигчдод хилээ хаасан юм. Гэсэн хэдий ч өнөөдөр АНУ болон Европ, Азиийн олон оронд уг хувилбар тархаад байна.

Одоогоор коронавирусийн шинэ хувилбар хүмүүсийг илүү хүнд өвчлүүлдэг, амь насанд нь илүү халтай гэсэн баримт нотолгоо олдоогүй байгаа.

Өчигдөр бас Япон улсад коронавирусийн шинэ хувилбар Бразилаас ирсэн зорчигчоос илэрснийг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today