Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампыг цөмийн зэвсэг хэрэглүүлэхгүй байх талаар ярилцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн Баасан гарагт тус улсын зэвсэгт хүчний удирдлагуудтай утсаар ярихдаа ерөнхийлөгч Дональд Трампын цөмийн цохилт өгөх боломжийг хязгаарлах талаар хэлэлцжээ.

Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн өдөр үлдсэн ч Америкийн улс төрийн нөхцөл байдал хурцдах төлөвтэй байгааг Лхагва гарагт Капитолын ордонд гарсан үймээн самуун харуулсан юм.

Сонгуулийн ялагдалдаа өширхсөн Трампыг ямар ч аюултай үйлдэл хийж болзошгүй гэж олон хүн үзэж байна.

Тиймээс түүнийг хугацааанаас нь өмнө огцруулах асуудал ид яригдаж байгаа.

Капитолын үймээнээс өмнө АНУ-ын батлан хамгаалахын сайд асан 10 эрхэм аюулгүй байдлын үүднээс зэвсэгт хүчнийг ерөнхийлөгч нарын эрх мэдэл шилжих үйл явцаас хол байлгах уриалга гаргаж байв.

Хатагтай Нэнси Пелоси утсаар ярьж, цөмийн зэвсэг ашиглах үйл явц ямар дарааллаар өрнөдгийг тайлбарлуулсан тухай АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Миллигийн хэвлэлийн төлөөлөгч Бямба гарагт мэдээлжээ.

Дональд Трампыг албан тушаалаасаа буухаас өмнө амжиж Иран улсад цохилт өгч болзошгүй гэсэн болгоомжлол Вашингтоны улс төрийн хүрээнд үүсээд байна.

 

Эх сурвалж: The Guardian