Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Капитолд дөрвөн хүн амь үрэгдсэний дараа Дональд Трамп сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Капитолын ордонд болсон үймээний дараа ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах асуудал яригдаж эхэлжээ.

Трампыг дэмжигч олон мянган хүн энэ өдөр нэр дэвшигч Жо Байдены ялалтыг батлах конгрессийн нэгдсэн чуулганыг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлөх зорилгоор Капитолын ордонд дайран орсон юм. Цагдаа нартай мөргөлдөх үеэр дөрвөн хүн амиа алдсаны дотор нэг эмэгтэй байна.

Конгресс орой нь үргэлжлүүлэн хуралдаж Жо Байдены ялалтыг эцэслэн баталгаажуулжээ.

Үймээн самуунд иргэдийг турхирсан гэж Дональд Трампыг олон хүн буруутгаж байна. Гадаад орны төрийн тэргүүнүүдээс Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон ийм мэдэгдэл хийсэн бол Конгресс дахь Ардчилсан Намын удирдагчид Трампыг албан тушаалаас нь огцруулах (импичмент) үйл ажиллагааг эхлүүлэхийг уриалсан юм.

АНУ-ын үндсэн хуулийн 25 дугаар нэмэлтийн дагуу Трампын засгийн газрын кабинетын гишүүдийн олонх дэмжвэл ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах боломжтой. Гэхдээ энэ ажиллагааг эхлүүлэх эрхтэй дэд ерөнхийлөгч Майк Пэнс ийм алхам хийхгүй бололтой.

Хэрвээ Пэнс хийхгүй бол конгрессийн төлөөлөгчдийн танхим импичментийг санаачлах боломжтой ч нэгдүгээр сарын 20-нд шинэ ерөнхийлөгч тангараг өргөх гэж буй ийм богино хугацаанд амжих эсэх нь эргэлзээтэй байна.

Дональд Трамп өмнө нь 2019 онд өрсөлдөгчийгөө хуулийн байгууллагаар шалгуулах зорилгоор Украины ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн хэргээр эхний импичменттэй тулгарч байв. Тухайн үед Бүгд Найрамдахчуудын олонх болдог сенатын танхим Трампыг аварч байжээ.

Энэ удаа Трампыг хамгаалах хүн цөөхөн байна. Бүгд Найрамдах намын хэд хэдэн сенатор Трампыг огцруулахыг дэмжиж байгаа. Засаг захиргааных нь хэд хэдэн албан тушаалтан Капитолын үймээний дараа хүчирхийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ.

Тэдний дотор зам тээврийн сайд Элаин Чао, боловсролын сайд Бэтси ДэВос тэргүүтэй хүмүүс байгаа юм.

Нөхцөл байдал өөрийнх нь эсрэг болсныг ойлгосон Дональд Трамп өчигдөр орой гаргасан видео мэдэгдэлдээ анх удаа Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрбээр нэгдүгээр сарын 20-нд болох шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлж, эрх мэдэл шилжих үйл явц саадгүй хэрэгжихийг амлажээ.

Трамп үймээн самуун дэгдсэнд харамсал илэрхийлээд Америкийн ардчилалд заналхийлсэн этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэж хэлсэн байна.

Ердөө нэг өдрийн өмнө тэр Капитолын ордонд дайран орсон тэмцэгчдэд хайртайгаа мэдэгдэж байв. Дональд Трамп “Бид маш ширүүн өрсөлдөөнтэй сонгуулийг үзлээ. Энэ үеэр хүмүүсийн сэтгэл хөдлөл өндөр байсан. Гэхдээ одоо тайвшрах цаг нь боллоо. Америкийн ахуй амьдралыг бид хэвийн үргэлжлүүлэх ёстой” гэж нэлээд буулт хийсэн өнгөөр хэлжээ.

Өмнө нь тэр сонгуулийг луйвар будилаантай болсон гэж үзэж байсан бол өчигдөр “сонгуулийн шударга байдлыг хангах” зорилготой тэмцэж байснаа хэлсэн байна.

Сүүлийн үед түүнийг өөрөө өөртөө өршөөл үзүүлэх боломжийг судалж байгаа гэсэн яриа хэвлэлүүдээр тараад байгаа. Цагаан ордон энэ мэдээлэлд тодруулга өгөхөөс татгалзсан юм.

Албан тушаалаасаа буусны дараа Трампын гэмт үйлдлүүдийг хуулийн байгууллага шалгах магадлал өндөр байна. 

Гэхдээ үндсэн хуулийн судлаачид ерөнхийлөгч өөртөө өршөөл үзүүлэх боломжтой эсэхэд эргэлзэж байгаа гэнэ. Учир нь мужуудын хуулиар Трампыг шалгасан тохиолдолд холбооны засгийн газрын өршөөл үйлчлэхгүй гэж тэд үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters