Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны нэгдүгээр сарын 4-7-нд  нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 1 хүний амь нас хохирчээ.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослууд:

  • 2021 оны нэгдүгээр сарын 4-ний 04:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын зам, Баянхошуу руу салдаг уулзварт Toyota prius маркийн автомашины жолооч С нь замын хажуугийн шон мөргөж, жолооч 23 настай, эрэгтэй С-н амь нас хохирсон.
     
  • 2021 оны нэгдүгээр сарын 7-ны 23:50 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р баг, асфалтан замд Toyota Grand mark 2 маркийн автомашины жолооч Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 41 настай, эмэгтэй Б-н амь насыг хохироосон. /Драгер 1.75%/

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 зөрчил ирлүүлсний 48 нийслэлд, 54 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг анхаарна уу.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба