Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусь улс төрийн шинэ сүлдэндээ Оросоос Өрнөд рүү шилжсэн дүрслэл харуулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Беларусь улсын төрийн бэлгэдлүүдийг шинэчлэх хуулинд тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко гарын үсэг зурсныг өчигдөр албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Уг хуулийн хүрээнд Беларусь улс төрийн дуулал, далбаа болон бусад бэлгэдлүүдээ хэвээр үлдээсэн ч төрийн сүлдэндээ зарим засвар оруулсан байна.

Хамгийн том засвар нь тус улсын сүлдэнд дүрслэгддэг дэлхийн бөмбөрцөг өрнө зүг рүү нэлээд хэмжээгээр эргэжээ.

Өмнөх сүлдэнд Орос болон Евразийн эх газар түлхүү дүрслэгддэг байсан бол энэ удаа Өрнөд Европ, Атлантын далайг голлон харуулсан байна.

Бусдаар Зөвлөлтийн үеэс уламжлагдсан төрийн сүлдний загвар нь бараг хэвээр үлджээ.

Төрийн бэлгэ тэмдгүүдээ өөрчлөх хуулийг 2020 оны эхээр анх санаачилж байсан юм. Тухайн үед Москвагийн дарамт шахалтаас зугтсан Лукашенко Европтой ойртох бодлого барьж байв.

Тухайлбал хоёр улсыг холбооны улс болгон нэгтгэх санааг Оросын талаас түүнд тулгаж байжээ.

Гэвч өнгөрсөн оны наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Беларусьт эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж, Лукашенкогийн байр суурь ганхах болсон тул тэр Москватай ойртож, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгийг авах болсон юм.

Сонгуулийн дараа Беларусьт иргэдийн тэмцэл тасрахгүй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 30,000 орчим тэмцэгчийг баривчилсан байна.

Лукашенког Беларусь улсын хууль ёсны төрийн тэргүүн биш гэж үзсэн Европын Холбоо, АНУ түүнд болон тойрон хүрээлэгсдэд нь янз бүрийн хориг тавиад байгаа юм.

Европын сүүлчийн диктатор хочтой Александр Лукашенко одоо 66 настай бөгөөд 1994 оноос хойш Беларусийн ерөнхийлөгчийн албан тушаалыг завсаргүй хашиж байна. Сүүлийн сонгуулиар тэр зургаа дахь удаагаа дараалан сонгогджээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe