Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск дэлхийн хамгийн баян хүн боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Пүрэв гарагийн арилжааны дараа Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск манай дэлхийн хамгийн баян хүн болсныг Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.

Өчигдөр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн нэгж хувьцааны үнэ 8 хувиар өсөж $816 хүрсэн нь Маскийн хөрөнгийн хэмжээг $186 тэрбум болгосон байна.

Энэ үед дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байсан Амазон компанийн гүйцэтгэх захирал Жэф Безосын хөрөнгийн хэмжээ $185 тэрбум орчим байжээ.

Нэг өдрийн өмнө буюу Лхагва гарагт Маск $181 тэрбум, Безос $184 тэрбумын хөрөнгөтэйгээр арилжаа хаагдаж байв.

Илон Маскийн хөрөнгө Тесла компанийн 20 орчим хувь, SpaceX компанийн 48 хувиас бүрддэг. Үүнээс гадна бизнесийн үр дүнгийн урамшуулалд тэр Теслагийн 57 сая хувьцааг эзэмших болсон юм.

Харин Жэф Безосын хөрөнгө нь Амазон компанийн 11 хувиас голдуу бүрддэг.

2020 онд Теслагийн хувьцааны ханш 740 хувиар өссөн нь Илон Маскийн хөрөнгийн хэмжээг $150 гаруй тэрбумаар нэмэгдүүлжээ.

 

Эх сурвалж: Business Insider