Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Улаанбаатарт ТЭГ зогсолт хийх шийдвэр гараагүй

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болохоор маргаашаас эхлэн 0 зогсолт хийх гэж байна" гэх мэдээлэл иргэдийн дунд гарчээ.

Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл тэг зогсолт хийх шийдвэр гараагүй байна.

Тэрбээр "Баталгаагүй мэдээг олон нийтэд түгээж, хий хомсдол, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсье.

Өнөөдрийн мөрдөж буй гамшгийн зэрэглэл нь онц байдал зарлахын өмнөх хатуу зэрэглэл.

Засгийн газрын болон УОК-оос шаардлагатай 15 салбарыг ажиллуулж буй. Хүнс, түлш, ус, үйлдвэрлэлийн, эмнэлгийн үйлчилгээ тасалдахгүй байх ёстой.

Та халдвар хамгааллын дэглэм барьж, гэртээ байж чадвал тэг зогсолттой адил үр дүн гарна.

Давхардаагүй тоогоор 1.2 сая орчим хүнд шинжилгээ хийгээд байна" гэв.

Мөн ЭМЯ-наас тэг зогсолт хийх санал гаргаагүйг ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлсэн билээ.

Нийслэлийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Энэ хугацааг сунгах эсэх тухай албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. УОК, Засгийн газар мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргадаг учиртай.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,362 байгаагийн 889 нь эдгэрчээ.

Харин дотоодын халдвар 866-д хүрээд байна.