Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жоржиа мужид болсон сонгуулийн дараа Ардчилсан Нам АНУ-ын конгресст олонх боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Жоржиа мужид болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд Ардчилсан Нам сенатын танхимд хоёр суудал нэмж авснаар АНУ-ын конгресст олонх боллоо.

Тус нам 2009 оноос хойш анх удаагаа конгрессийн хоёр танхим болох Сенат, Төлөөлөгчдийн танхимд хоёуланд нь олонх болж байна.

Арваннэгдүгээр сард болж өнгөрсөн конгрессийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч 50-aас дээш хувийн санал аваагүй тул Жоржиа мужийн хуулиар дахин санал хураалт зохион байгуулсан юм.

Энэхүү үр дүн нь бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа ерөнхийлөгч Дональд Трампын хувьд хүнд цохилт болж байна.

Ялалт байгуулсан хоёр нэр дэвшигчийн нэг 51 настай Рафаэл Уарнок нь баптист сүмийн номлогч бөгөөд Америкийн иргэний дайны үеэр боолчлолын талд байсан Жоржиа мужаас сонгогдсон анхны африк гаралтай сенатор болж байгаа юм.

Мөн АНУ-ын түүхэнд сенатад сонгогдсон 11 дэх африк гаралтай хүн болж байна. Нөгөө нэг нэр дэвшигч 33 настай Жон Оссоф бол баримтат киноны найруулагч юм.

Тэд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшсэн өмнөх сенаторууд болох Кэлли Лоффлер, Дэвид Пердью нарыг ялжээ.

Жоржиа мужийн сонгуулийн үр дүнд Ардчилсан болон Бүгд Найрамдах намууд конгрессийн дээд танхим Сенатад тус бүр 50 суудалтай болж байна.

Удахгүй үүрэгт ажилдаа орох дэд ерөнхийлөгч Камала Харрис нэмэгдэхээр Ардчилсан нам нэг саналын илүүтэй болох юм.

Ингэснээр шинэ ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанд мөрийн хөтөлбөрөө саадгүй хэрэгжүүлэх боломж гарч байна.

Сенат нь Жо Байдены санал болгосон засгийн газрын гишүүд болон шүүгч нарыг батлах эрх мэдэлтэй юм.

Өмнөх засаг захиргааны үед өөрийн ерөнхийлөгчтэйгээс гадна сенатад олонх болж байсан Бүгд Найрамдахчууд энэ удаа хүнд байдалд орж байна. Арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Жо Байден  энэ мужид мөн ялалт байгуулсан юм.

Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг байнга сонгодог байсан Жоржиа муж ийнхүү Ардчилсан нам руу эргэж байна.

 

Эх сурвалж: BBC