Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчиллыг хамгаалахын тулд Трампыг албан тушаалаас нь огцруулахыг Америкийн бизнесмэнүүд уриалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хамгийн хүчирхэг, хамгийн урт настай бизнесийн бүлэглэл болох NAM (The National Association of Manufacturers) нийслэл Вашингтонд болсон үймээн самууны дараа ерөнхийлөгч Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулахыг уриалжээ.

Америкийн бүх мужийн жижиг, том үйлдвэрлэгчдийг нэгтгэдэг тус байгууллага 1895 онд байгуулагдсан бөгөөд Бүгд Найрамдах намыг дэмжсээр ирсэн түүхтэй.

NAM-ын энэ алхам нь АНУ-ын орчин үеийн түүхэнд бизнесийн томоохон байгууллагаас гаргасан хамгийн хүчтэй улс төрийн мэдэгдэл байж болзошгүй байна. Тус байгууллагын тэргүүн Жэй Тиммонс дэд ерөнхийлөгч Майк Пэнсд  хандан “ардчиллыг аврахын тулд үндсэн хуулийн 25 дугаар нэмэлтийг хэрэгжүүлж, Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулах”-ыг уриалжээ.

“Ерөнхийлөгч хүн эрх мэдэл, албан тушаалаа хадгалж үлдэхийн төлөө үндсэн хуулинд өргөсөн тангарагаа зөрчиж, хүчирхийлэлд турхирч байгаа нь ардчиллаас татгалзаж, анархизмийг дэмжсэн хэрэг юм. Энэ бол хууль, дэг журам биш. Энэ бол үймээн самуун. Энэ бол дээрэмчдийн дүрэм” гэж түүний мэдэгдэлд өгүүлсэн байна.

NAM-ын энэ мэдэгдэл нь нөгөө талаар Дональд Трамп болон Америкийн бизнесийн салбарын хооронд хагарал гарсныг харуулж байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бизнесийнхэн Трампын бодлогыг идэвхтэй дэмжиж, үр шимийг нь хүртэж байлаа.

Тухайлбал татварыг бууруулж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого нь Америкийн бизнесмэнүүдийн талархлыг хүлээж байв. 2017 оны есдүгээр сард Вашингтонд болсон NAM-ын жил тутмын чуулганд Дональд Трамп уригдаж, үг хэлж байсан удаатай.

2020 оны конгрессийн сонгуулийн үеэр NAM нь Бүгд Найрамдах Намын нэр дэвшигчдийг идэвхтэй дэмжиж, их хэмжээний мөнгө хандивлаж байжээ.

NAM-аас гадна Америкийн бизнесийн томоохон удирдагчид Капитолын ордонд гарсан үймээн самууныг эсэргүүцсэн мэдэгдэл гаргацгаасан байна.

Тухайлбал JPMorgan Chase банкны гүйцэтгэх захирал Жэми Даймон, IBM компанийн гүйцэтгэх захирал Арвинд Кришна, Citigroup-ийн гүйцэтгэх захирал Майкл Корбат нар нийслэл Вашингтонд гарсан хүчирхийллийг шүүмжилж, ардчилсан сонгуулийн үр дүнг хүндэтгэх, эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг тайван замаар хэрэгжүүлэхийг уриалжээ.

 

Эх сурвалж: CNN