Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн эдийн засаг 2021 онд 4% тэлэх боломжтой ч халдвар нэмэгдэж, вакцинжуулалт удааширвал 1.6% болж буурах эрсдэлтэй

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн эдийн засаг 2021 онд 4 хувиар тэлэх боломжтой бөгөөд вакцинжуулалт болон хөрөнгө оруулалт эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэгтэй хэмээн Дэлхийн банк дүгнэсэн бөгөөд эдийн засгийн идэвхжил сул, орлого бага байдал цаашид багагүй хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа нь хөгжлийн гол эрсдэл болохоор байгааг шинэ оны эхэнд Дэлхийн эдийн засгийн төлөв тайландаа онцолжээ.

Нэгдүгээр сарын 5-нд танилцуулсан уг тайланд дурдсанаар дэлхийн эдийн засаг 2020 онд 4.3 хувиар агшиж, цаашид эргэн сэргэх төлөвтэй байгаа ч цар тахлын нөлөөгөөр өвчлөл, нас баралт үлэмж хэмжээгээр нэмэгдсэнээс гадна сая сая хүн ядууралд өртөж, эдийн засгийн идэвхжил, орлогын сэргэлт багагүй хугацаа шаардахаар байна. Иймд COVID-19 цар тахлын тархалтыг бүрэн хяналтад авах, вакциныг өргөн хүрээнд шуурхай нэвтрүүлэх нь богино хугацаанд бодлогын нэн тэргүүний чиглэлд тооцогдож байна гэжээ.

Мөн эдийн засгийн сэргэлтийг бодитойгоор дэмжихийн тулд засгийн газрын өрийг нэмэгдүүлэхийг урьтал болголгүй, харин хөрөнгө оруулалтын өгөөжийг дахин эргэлтэд оруулах тааламжтай хөшүүргийг бий болгох замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад анхаарах шаардлагатай хэмээн дүгнэжээ.

“Дэлхийн эдийн засаг аажмаар сэргэх хандлагатай байгаа энэ цаг үед бодлого тодорхойлогчид эдийн засгийн сэргэлтийг улам бататгаж, цаашдын бат бэх, тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх тал дээр анхаарч байгаа ч нийгмийн эрүүл мэнд, өрийн удирдлага, төсвийн бодлого, төв банк болон эдийн засгийн бүтцийн шинэчлэлүүд гээд олон томоохон сорилтууд тулгарсаар байна” гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс цохон тэмдэглэсэн. Мөн тэрбээр “Цар тахлын сөрөг нөлөөг даван туулах, хөрөнгө оруулалтад сорилт болж буй хүчин зүйлсийн эсрэг үр дүнтэй ажиллахад бизнесийн орчныг сайжруулах, хөдөлмөрийн болон бүтээгдэхүүний зах зээлийн уян хатан байдлыг сайжруулах, ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх тал дээр дорвитой анхаарах шаардлагатай” гэдгийг онцолсон байна. 

Мөн хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн идэвхжил анх төсөөлснөөс илүүгээр саарсан ба "Эдгээр орнуудын хувьд эдийн засаг нь уналтад орж эмзэг бүлгийн хүн ам, аж ахуйн нэгж байгууллагуудын санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаа тул санхүүгийн системийн эмзэг байдалд онцгой анхаарах шаардлага үүсээд байна” гэдгийг Дэлхийн банк группийн дэд ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий эдийн засагч Кармен Райнхарт тэмдэглэв.

Хэрэв халдварын тоо үргэлжлэн нэмэгдсээр байх, вакцины өргөн хүрээнд нэвтрэх хугацаа хойшлох тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 1.6 хувь уруу ч буурах эрсдэлтэй байна. Харин өөдрөг хувилбар буюу цар тахлыг бүрэн хяналтад авч, дархлаажуулалт илүү эрчимтэй явагдах тохиолдолд дэлхийн эдийн засаг 2021 онд 5 орчим хувиар тэлэх боломжтой гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.

БНХАУ-аас бусад хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг нь 2020 онд 5 хувиар агшсан бол 2021 онд 3.4 хувиар өсөх төсөөлөлтэй байна

Хөгжингүй орнуудын хувьд эдийн засаг нь алгуур сэргэж байсан ч шинээр халдвар авагсдын тоо өссөнтэй холбоотойгоор 2020 оны 3-р улиралд сэргэлт үндсэндээ зогссон юм. Энэ нь нэг талаас эдийн засгийн сэргэлт удаан бөгөөд амаргүй байхыг илтгэж байна.

  • АНУ-ын ДНБ 2020 онд 3.6 хувиар агшаад байсан бол 2021 онд 3.5 хувиар өсөх, еврогийн бүсийн үйлдвэрлэл 2020 онд 7.4 хувиар буураад байсан бол энэ онд 3.6 хувиар өснө хэмээн үзжээ.
  • 2020 онд 5.3 хувиар агшаад байсан Япон улсын эдийн засаг ч мөн 2021 онд 2.5 хувиар тэлэх төсөөллийг дэвшүүлсэн байна.
  • Хөгжиж буй орнууд (БНХАУ-ыг оруулснаар)-ын эдийн засаг 2020 онд 2.6 хувиар агшсан бол 2021 онд 5 хувиар өснө хэмээн үзжээ. Өнгөрөгч онд 2 хувийн өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засаг энэ онд 7.9 хувийн өсөлттэй байх төсөөллийг боловсруулсан байна.
  • Харин БНХАУ-аас бусад хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг нь 2020 онд 5 хувиар агшсан бол 2021 онд 3.4 хувиар өсөх төсөөлөлтэй байна.
  • Бага орлоготой эдийн засгуудын хувьд 2020 онд 0.9 хувиар агшсан бол 2021 онд 3.3 хувиар тэлнэ хэмээн үзсэн байна.

Дэлхийн эдийн засгийн төлөв тайлангийн онцлох хэсэгт өр хуримтлагдсанаас үүдэн бий болох эрсдэлүүдийг цар тахал хэрхэн улам хурцатгасан, дорвитой реформуудыг уялдаатайгаар хэрэгжүүлэхгүй тохиолдолд эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хэрхэн боомилж болзошгүй талаар болон үсрэнгүй хөгжиж буй болон хөгжиж буй орнуудад мөнгөний бодлогын арга хэрэгсэл болгон түгээмлээр ашиглаж буй хөрөнгө худалдан авах хөтөлбөрүүдтэй холбоотой эрсдэлүүдийн талаар дэлгэрэнгүй дурджээ.

“Үсрэнгүй хөгжиж буй болон хөгжиж буй орнуудын өртэй холбоотой эрсдэлийг цар тахал үлэмж ихээр нэмэгдүүлсэн, эдийн засгийн өсөлтийн төлөв сул байгаа зэрэг нь өрийн дарамтыг цаашид ч нэмэгдүүлж, зээлдэгчийн зээлээ эргэн төлөх чадамжийг сулруулж болзошгүй” гэж Дэлхийн Банкны Хүртээмжтэй өсөлт, санхүүгийн байгууллагуудын асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Айхан Козе цохон тэмдэглэжээ. Мөн тэрээр “Сүүлийн саруудад эрчимтэй хуримтлагдаад буй өрийн асуудлаас шалтгаалан өрийн цуврал хямрал бий болгохгүйн тулд бид дэлхий нийтээрээ бүх боломжит арга хэмжээг дорвитой, шуурхай авч ажиллах шаардлагатай байна. Хөгжиж буй орнууд дахиад арван жилийг алдаж болохгүй” гэж онцлов.

Монгол Улсын эдийн засаг 2021 онд 4.3% өснө гэж таамаглаж байна

 

Өмнөх томоохон хямралуудын адил өнөөгийн цар тахал дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд амар арилахааргүй сөрөг нөлөө, үр дагаврыг авчрах нь тодорхой байна. Хөрөнгө оруулалт хангалттай хэмжээнд хийгдэхгүй, ажил эрхлэлт хангалттай бус түвшинд байгаа, ихэнх хөгжингүй орнуудад ажиллах хүчний агшилт явагдаж байгаа зэргээс ирэх арван жилд эмзэг байгаа дэлхийн эдийн засагт улам бэрхшээл болж болзошгүй байна.

 
  • Өмнөх түүхээ жишээ болгон авбал дэлхийн эдийн засаг ирэх 10 жилд бодлого тодорхойлогчид хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлтийг бий болгох суурь цогц реформуудыг хэрэгжүүлэхгүй тохиолдолд тун амаргүй нөхцөл байдалтай тулахаар байна хэмээн дүгнэжээ.
  • Бодлого тодорхойлогчид орлогыг дэмжихэд чиглэсэн бодлогоос эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого руу аажмаар шилжихийн сацуу эдийн засгийн сэргэлтийг хадгалах, хамгаалах тал дээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай.
  • Илүү урт хугацаанд, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог бэхжүүлэх, цахим дэд бүтцийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадамжийг дээшлүүлэх, бизнесийн болон засаглалын практик үйл ажиллагааг сайжруулах зэрэгт чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр цар тахлаас улбаатай эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах, ядуурлыг бууруулах, хүртээмжтэй өсөлтийг цогцлоох тал дээр ахиц гаргах боломжтой.
  • Төсвийн нөхцөл байдал суларсан, өр хуримтлагдсан өнөөгийн нөхцөлд эдийн засгийн органик өсөлтийг дэмжих институти эдийн засгийн органик өсөлтийг дэмжих институтийн реформ шинэтгэл бүр ч их ач холбогдолтой.

Өмнөх жилүүдийн туршлагаас харахад, реформ шинэтгэлийг хэрэгжүүлснээр тухайн орны эдийн засгийн урт хугацааны өсөлтийн талаарх хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эергээр нөлөөлж, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлдэг байна.

Үсрэнгүй хөгжиж буй болон хөгжиж буй зарим орнуудын төв банкууд цар тахлаас үүдэлтэй санхүүгийн зах зээлийн хүндрэлд хариу арга хэмжээ болгож актив/бонд худалдан авах хөтөлбөрүүдийг олон орнууд анх удаа түгээмэл хэрэгжүүлж байна. Зах зээлийг хамгаалж зорилтот хэлбэрээр хэрэгжих нөхцөлд тэдгээр хөтөлбөрүүд нь үр дүнгээ өгч хямралын эрт шатанд санхүүгийн зах зээлийг тогтворжуулах үйлчилгээтэй болох нь харагдсан. Гэвч уг хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хэрэгжүүлж байгаа, зарим тохиолдолд төсвийн
алдагдлыг нөхөх зорилгоор хэрэгжүүлж буй орнуудын хувьд тус хөтөлбөрүүд нь төв банкны үйл ажиллагааны бие даасан байдлыг алдагдуулах, үндэсний мөнгөн тэмдэгтийг сулруулах, инфляцын хүлээлтийг бодитой бус болгох, өрийн тогтвортой байдлын эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй байна.