Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Эрдэнэхүү: ХСҮТ-д халдварын голомт устсан. Бүх ажилтнаасаа 7 хоногт нэг удаа шинжилгээ авдаг болсон

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсад коронавирусийн халдварын голомт болж буй газруудын дийлэнх нь эмнэлгийн байгууллага болоод байна.

Иймээс эмнэлгүүд үйл ажиллагаандаа ямар туршлагыг хэрэгжүүлбэл халдвар тарахаас сэргийлэх боломжтой болох тухай Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

Учир нь ХСҮТ-д коранавирусийн халдвар бүртгэгдсэн хэдий ч хурдан хугацаанд тархалтыг хумьж, долоо хоног тутамд эмч ажилчдаа шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээ авч ажиллаж буй нь сайн жишиг болж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. 

- Сайн байна уу. ХСҮТ-д халдварын голомт устсан гэж ойлгож байгаа зөв үү?

- Тийм ээ зөв. Нэг хүн 3-4 удаагийн шинжилгээг өгөхөд халдвар илрээгүй. ХСҮТ-өөс таван тохиолдол үндсэндээ гарсан. Энэ таван тохиолдлыг гэр орных нь хүмүүс буюу эмнэлгээс бус дам хавьтал 11 хүн гэж ойлгох хэрэгтэй. Зарим газруудаар шууд 16 гэж буруу яриад байсан. 

Тодруулбал, ХСҮТ-д анх илэрсэн гурван хүн маань яаралтай тусламжийн нэг эмч, нэг сувилагч, нэг нь эмчилсэн хүн. Энэ гурван хүний ойрын хавьтлуудаас халдвар дахиж илрээгүй. Эмнэлэгт маань энэ сарын 8-нд 14 хоногийн тусгаарлалтын хугацаа нь дуусах хэдэн өвчтөнүүд бий. Шинжилгээнүүдийнх нь хариу сөрөг гарч байна. Энэ гурван хүнээс өөрөөр ХСҮТ дотроо ямар ч халдвар тараагаагүй. Нөгөө хоёр хүн эмнэлгээс гадуур байхад нь илэрсэн бөгөөд халдварын эх үүсвэр нь манайхаас уу өөр газраас гэдгийг мэдэхгүй байгаа.

- Танайх эмч ажилчдаасаа 48, 72 цагийн мөчлөгтэйгээр шинжилгээ авч байгаа гэсэн. Энэ нь сайн жишиг гэж харагдаж байгаа. Энэ талаар тайлбарлахгүй юу?

- Манай бүх эмч, ажилтнууд PCR өгчихсөн. Байгууллага дээрээ долоо хоногт нэг удаа бүх ажилтнуудаасаа тандалтын шинжилгээ авч байна. Гурав хоногийн зайтай гэж бодохоор 72 цаг болж байгаа юм. Одоо ингэж авахгүй л бол болохгүй. Үндсэндээ ХСҮТ нийт 1,896 PCR шинжилгээ хийсэн. Үүнд,

  • ХСҮТ-д одоогоор идэвхтэй ажиллаж буй 438 эмч эмнэлгийн ажилтан бий. Тэдгээрт давхардуулсан тоогоор 1,354 PCR шинжилгээ хийсэн.
  • Гэрээт байгууллагын ажилтнуудад 66 PCR шинжилгээ хийсэн.
  • Өвчтөн, сахиурууддаа нийт 476 PCR шинжилгээ хийсэн.

Нэг хүнд 3-4 удаагийн PCR шинжилгээ хийгдчихээд байна. Ажилтнуудаа хуваарьт оруулсан. Хуваариараа 14 хоног ажиллаж байгаа хүмүүст долоо хоног тутамд PCR хийгдээд, дараагийн ажиллах 14 хоног нь ирэхэд дахиж PCR хийгдээд явна гэсэн үг.

- Ер нь ХСҮТ энэ цаг үед өөр ямар зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа талаар хуваалцаач. Магадгүй бусад эмнэлгүүдэд жишээ болж халдварын голомтыг хумиж чадахад туслах болов уу гэж бодож байна? 

- Эмнэлэг хамгийн түрүүнд ажилчдаа хамгаалах ёстой. Саяны үйл явдалд ч үүнийг харууллаа. Тиймээс ХСҮТ дараах арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна. Үүнд 

  1. Хүн чирэгдүүлнэ гэж айхгүйгээр эмнэлэгт ирэх хүн бүр PCR шинжилгээ өгсөн байхыг шаардах. ЭМЯ-наас ийм шийдвэр гараагүй ч гэсэн ХСҮТ PCR шинжилгээтэй хүнийг л оруулна гэх шаардлага тавьж байгаа. Үнэхээр яаралтай тусламжийг PCR шинжилгээг харгалзахгүйгээр үзүүлнэ. Тиймээс иргэд хариуцлагаа ухамсарлан заавал PCR шинжилгээтэй эмнэлэгт ирэхийг шаардана.
  2. Эмнэлгийн бүх ажилчдаа ээлжид оруулах нь зөв гэж үзээд хуваарьт оруулан ажиллаж байна. Эмнэлэгт ямар нэгэн байдлаар халдвар гарвал дараа нь эмнэлгийн тусламж үзүүлэх ээлжийн хүмүүс цаана нь байж байх ёстой. 
  3. ХСҮТ дотроо жижиг эмнэлгүүд байлган КОВИД-ын хугацаанд ажиллах шийдвэрийг гаргасан. Эмнэлэгт халдвар гарсан тохиолдолд эмнэлгийг хэсэгчлэн хаах зохион байгуулалтыг хийж, хэвтэн эмчлүүлэх, амбулаториудаа дотор нь тусгаарлаж, хязгаарлалт хийх ёстойг ойлгосон. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт ямар нэгэн байдлаар халдвар гарахаар бүхэлд нь хаах тохиолдлууд гарч байна. Иймээс ХСҮТ тус зохион байгуулалтыг хийж, хэвтэн эмчлүүлэхийн өвчтөн, эмч, ажилтнууд тэр дотроо амбулаторийнхон амбулатори дотроо ажилладаг хоорондоо холилдохгүй ажиллаж байна. Энэ жишгийг бусад эмнэлэг хэрэгжүүлбэл зүгээр болов уу. Энэ нь эрсдэлийг бууруулж байгаа хэрэг. Амбулатори дээр халдвар гарлаа гэхэд хэвтэн эмчлүүлэх тасгуудад эрсдэлгүй бөгөөд эмч, ажилчид нь өөр хаалга, орцоор орж тусламж үйлчилгээгээ үзүүлэх боломжтой.
  4. Үйлчлүүлэгчдэдээ тандалтын судалгаа хийхээс гадна эмч, ажилчид дундаа тандалтын судалгааг байнга хийх хэрэгтэй. Эрт илрүүлсний хэрээр тархалтыг эмнэлэг дотроо явуулахгүй барих боломж үүснэ. Сая ХСҮТ эрт илрүүлсний дүнд халдварыг ажилчид болон өвчтөнүүддээ тараагаагүй.
  5. Ажилчдаа нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээр хангахдаа өмсөж, зүүж, хэрэглэж байгаад нь давхар хяналтыг маш сайн тавих хэрэгтэй юм байна. Одоо энэ цаг үе тоглоом биш тул “өмсөөрэй” гээд орхичих цаг биш. 
  6. Зөвхөн ажилдаа ирнэ. Зөвхөн гэртээ очно гэдэг маршруттай байхыг сануулж байна.
  7. Хоол идэхдээ бөөнөөрөө идэхгүй байх. Хоол идэх нэг өрөө байгаа тохиолдолд ээлжилж орж хооллочхоод, гарахдаа аяга тавгаа угаагаад, цонхоо онгойлгож агаар оруулаад гарсны дараа дараагийн хүн нь ор хооллох байдлаар зохион байгуулж байна. Эмч , ажилчид гэрээсээ хоолоо авч ирж байна. Байгууллагаас зөвхөн жижүүр эмч нарын хоол өгч байгаа.
  8. Коронавирус илрүүлэх PCR шинжилгээг бид эмнэлэгтээ хийдэг болохоор бэлтгэлээ хангаж байна. Удахгүй ЭМЯ-тай ярьж байгаад тоног төхөөрөмжөө авчихвал эмнэлэг дээрээ тогтмол PCR шинжилгээ хийх боломжтой болно. Ингэснээр PCR шинжилгээ өгөөгүй өвчтөн ирвэл шинжилгээ аваад хариуг нь гаргаад явах боломжтой. Ер нь эмнэлгүүд сорьцоо болж өгвөл өөрсдөө авах хэрэгтэй юм байна. 
  9. Цахим хуудсаараа буюу онлайн хэлбэрээр өвчтөнүүддээ зөвлөгөө мэдээллийг сайн өгч харилцаад аль болох эмнэлэг дээр ирүүлэхгүй байхад анхаарч байна. Хараахан сайн хийж чадахгүй байгаа ч хичээж байгаа. Хэрвээ сайн хийж чадвал өвчтөний ачаалал 50% буурах боломж бий гэж харсан. Бусад эмнэлгүүд ч мөн адил энэ ажлыг сайн хийх хэрэгтэй.

Эдгээрийг хуваалцах байна.