Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-өөр нас барсан хүнийг тусгай журмын дагуу, халдвар хамгааллын дэглэмийг баримталж оршуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Хятадаас импортоор орж ирсэн PCR шинжилгээний оношлуур хөлдсөн байсан гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотой тайлбар өгөхгүй юу?

Д.Нарангэрэл: -БНХАУ-аас орж ирж буй оношлуурын коронавируст халдварыг тээх тэжээлт орчин буюу лабораторийн шинжилгээний шингэн нь хөлдсөн гэх мэдээлэл байна. Уг асуудалд МХЕГ шалгалт хийж байгаа.

Манай улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу эм болон эмнэлгийн хэрэгслийг хувийн компаниуд импортоор оруулж ирдэг. Эмнэлгийн хэрэгсэл оруулж ирж буй нэг хувийн компанийн сорьц тээвэрлэх шингэн хөлдсөн байна гэсэн үг. Үүнийг МХЕГ шалгаад дэлгэрэнгүй мэдээлэх байх.

-Иргэдийг тусгаарлах байранд 14 хоногоос дээш хугацаанд тусгаарлалтад байлгаж байгаа гэх мэдээлэл байна. Тэр дундаа "Амар" зочид буудалд тусгаарлагдсан иргэдийг хэд хоногийн дараа гаргаж байгаа вэ?

Д.Нарангэрэл: -COVID-19-ийн нууц үеийн хугацаа 14 хоног. Бид цааш 28 хоногийн халдвар эсэргүүцэх арга хэмжээг тооцоолдог.

"Амар" зорчид буудал эсвэл өөр тусгаарлах байранд халдвар гарсан тохиолдолд тухайн өдрөөс нь цааш тооцож халдвар эсэргүүцэх арга хэмжээг 14 хоног хэрэгжүүлдэг юм.

А.Амбасэлмаа: -Хүмүүсийг ихэвчлэн нэг нэгээр нь эсвэл гэр бүлээр нь тусгаарлан ажиглаж байгаа. Гэр бүлээрээ тусгаарлагдсан хүмүүсээс тусгаарлалтын 14 хоногийн хугацаанд шинжилгээ авахад коронавирусийн халдвар батлагдвал тухайн батлагдсан өдрөөс хойш бусад гишүүнийг нь дахин тусгаарлан ажиглана гэсэн үг.

Энэ бол халдвар судлалын заалтаараа хийгдэж буй ажил.

-Коронавируст халдварт өртөөд нас барсан хоёр ч тохиолдол бүртгэгдлээ. Халдвартай иргэн нас барсан тохиолдолд оршуулах ёслолыг хэрхэн үйлдэх талаар тайлбар өгөхгүй юу?

А.Амбасэлмаа: -COVID-19-өөр нас барсан хүнийг олон улсын жишгийн дагуу болон ДЭМБ-ын зөвлөмж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан халдварт өвчнөөр нас барсан хүнийг оршуулах тусгай заавар журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримталж, оршуулгын ажиллагааг нь зохион байгуулна.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНД дарж үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1116740028756359

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.