Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шотландын засгийн газар Дональд Трампыг нутагтаа "ирээд хэрэггүй" гэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп гольф тоглох дуртай

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн өвөг дээдсийн нутаг болох Шотландад хоёр гольфийн клуб эзэмшдэг юм.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр Вашингтонд болох АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын үеэр Дональд Трампыг Шотландад гольф тоглохоор очих гэж байна гэсэн яриа сүүлийн өдрүүдэд тараад байна.

Трамп өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Уламжлал ёсоор шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өмнөх ерөнхийлөгч байлцаж, Цагаан ордны шинэ эзнийг угтаж авдаг.

Тэгвэл өчигдөр Шотландын засгийн газрын тэргүүн Никола Стержен хэвлэлийн хурлын үеэр Дональд Трампын албан бус айлчлалын талаар сэтгүүлчийн асуултад хариулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч “гольф тоглох мэтийн онц шаардлагагүй зорилгоор Шотландад ирэхгүй байсан нь дээр” гэж Стержен мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногоос эхлэн коронавирусийн халдварыг хязгаарлах зорилгоор Шотландад хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж байгаа. Уг дэглэм нэгдүгээр сарыг дуустал үргэлжлэх бөгөөд онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд зөвлөж буй юм.

Коронавирусийн шинэ хувилбарын тархалт хурдтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан Их Британи даяар хөл хорионы дэглэмийг бүс нутаг тус бүрээр ялгаатай хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал Англид тогтоосон дэглэм хоёрдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх ажээ.

 

Эх сурвалж: BBC