Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын том банкируудын нэг авлигын хэргээр цаазын ял сонслоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хятадын шүүх тус улсын том банкируудын нэгд тооцогддог албан тушаалтанд авлигын хэргээр цаазын ял оноожээ.

Цаазын ял сонссон Лай Шаомин нь Хятадын хөрөнгийн менежмэнтийн дөрвөн том төрийн өмчит компанийн нэг болох China Huarong Asset Management Co компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Түүнийг арван жил орчим хугацаанд $276 саятай тэнцэх мөнгийг авлигад авсан хэмээн буруутгажээ.

Лай нь хүмүүсийг ажилд авах, тушаал дэвшүүлэх, бизнесийн гэрээ байгуулах зэрэг шийдвэрийнхээ хариуд “асар их хэмжээний авлига” авдаг байсан гэж Тяньжин хотын шүүхийн тогтоолд өгүүлсэн байна.

Үүнээс гадна төсвийн хөрөнгөнөөс 25 сая юань хувьдаа завшсан, гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй “эхнэр, нөхрийн” харьцаа тогтоож, хүүхдүүдийн эцэг болсон гэж буруутгажээ.

Хятадын шүүх цаазын ялыг ихэнхдээ хоёр жилээр хойшлуулах нөхцөлтэй оноодог. Энэ тохиолдолд хоёр жил хорьсны дараа ялыг 25 жилийн хорих ял, эсвэл бүх насаар хорих ялаар солих боломжтой байдаг байна.

Харин Лай Шаоминий ялыг ийм нөхцөлгүйгээр оноосон нь онцгой тохиолдол болжээ.

Мөрдлөгийн явцад Лайгийн Бээжин хот дахь нэг байрнаас дүүрэн бэлэн мөнгөтэй цаасан хайрцагнууд илэрч Хятадын нийгмийг цочроож байсан юм.

Тэр бас алтан гулдмайнууд, тансаг загварын автомашинууд олноор цуглуулж, 100 гаруй нууц амрагтаа компанийн хөрөнгөөр байр авч өгч байжээ.

Лай Шаоминийг 2018 оны дөрөвдүгээр сард коммунист намаас хөөсний дараа шалгаж эхэлсэн юм. 

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин 2012 онд болсон намын 18 дугаар их хурлын индрээс авлигын гэмт хэрэгт дайн зарлаж байв.

Өнгөрсөн хугацаанд олон сая албан тушаалтныг мөрдөн шалгаж, шийтгэл оноожээ. Хэдийгээр авлигатай ширүүн тэмцэж байгаа ч Хятад улс нь одоогийн байдлаар Транспаренси Интернэйшнл байгууллагаас гаргадаг дэлхийн авлигын индекст 80 дугаар байранд жагсаж байна.

 

Эх сурвалж: The Guardian