Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах, унаач хүүхдийн насыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хойшлуулав

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Гишүүдийн гаргасан саналын дагуу уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. 

Уг хуулийн төсөлд баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах, уяачдын улсын цолны шалгуурыг өндөрсгөх, хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох, хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох, хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12 баг түүнээс дээш настай байх нь зүйтэй гэдэг асуудлуудыг тусгасан байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Уг хуулийн төсөлтэй холбоотой иргэдийн дунд дэмжсэн, эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Үндэсний баяр наадмын тухай хууль ойлголцол, зөвшилцлийн хүрээнд гарах ёстой гэж бодож байна.

Гэрэл зургийг mpa.mn

Тиймээс энэ хуулийг хэлэлцэхийг тодорхой хугацаанд хойшлуулах саналтай байна. Энэ хооронд Морин спорт уяачдын холбооны санал бодлыг тусгаад нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Нэгдсэн ойлголттой болох юм бол Ардын хувьсгалын 100 жилийн сайхан болох байх. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төрийн наадам тэр дундаа хурдан морины уралдаанаа зохион байгуулж чадахаа болиод олон жил боллоо. Сүүлд нь бүр авлигын шинжтэй болсон. Орон нутагт уралдаан болгоны ар дээр хэрэлдэж, зодолдох нь холгүй нөхцөл байдал үүсдэг. Нодлингийн баяр наадмын комиссын дарга морь оруулах, хасах ажиллагаан дээр газар дээрээ баригдсан. Ийм нөхцөл байдал бий болчихоод байна. Тиймээс үүнийг цааш нь газар авхуулахгүй талаар ярих цаг болсон. 

Гэрэл зургийг mpa.mn

Энэ хууль 2019 оны тавдугаар сард өргөн баригдсан. Тухайн үед яг ийм зүйлийг гишүүд хэлээд хойшлуулсан. Түүнээс хойш нөгөө л хэрүүл уруул үргэлжилсэн. Энэ хугацаанд адилхан л морь уяж байгаа эрчүүд, адилхан л морь унаж байгаа хүүхдүүдийг гомдол санал гарсан. Үүн дээр төрийн зохицуулалт шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Энэ хуулийг гаргах зайлгүй шаардлага, иргэдийн хүлээлт байгаа юм. Яагаад гэвэл бид Монгол төрийн наадмаа хийж чадахаа байсан. Бөх байтугай морин уралдааны хэрүүл дэндүү болсон. Хүүхдүүд нь уйлаад, уяач нар нь хэрэлддэг. 2017 онд 1,841 морь бүртгүүлснээс 45 хувь нь хасагдсан. 2018 онд 1,780 морь бүртгүүлснээс 542 нь хасагдсан, 2019 онд 586 33 хувь нь хасагдсан. 2020 онл 1,438 бүртгүүлснээс 60 хувь нь хасагдсан. Төр арчаагүй, аливааг засаж залруулахгүй явсаар ийм байдалд хүрч байна. Үүний цаана бөөн будлиан, авлига бий. Өөрийн морийг явуулахаас гадна хүний морийг хасуулах мөнгө төгрөгний шургуу бий болсон. Үүнд холбогдсон хүмүүс нь шүүхээр орох гээд байж байна. 

Гэрэл зургийг mpa.mn

Энэ бол хойшлуулшгүй асуудал юм. Мөн энэ хуульд хурдан морины допингийн асуудлыг оруулсан. Модон метр бариад хэмждэг биш техник, тоног төхөөрөмж ашиглахыг хуулиар заасан. Ингэснээр Монгол наадам хар хоргүй, шударга явах  боломж бүрдэнэ. 
Хоёр жилийн өмнө Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр Батсайхан гэдэг хүн 82 хувийн саналаар сонгогдсон. Гэтэл Батсайхантай өрсөлдсөн Ариунболд гэдэг хүн тусдаа Үндсэний уяачдын холбоо байгуулаад  эсрэг үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Энэ хүмүүсийг төрийн наадмыг будилуулах зорилготой гэж харж байна.