Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: УДШ-ийн шүүгч нар эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд амь тэмцэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ хуулийн төсөлд хэрэг маргааны ихэнхийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийддэг байхаар зохицуулах гэж байна. Дээд шүүхийг шүдгүй арслан болгох бодлогыг ямар учраас гаргаж байгаа юм бэ. 

Авлига, албан тушаалын зэрэг ноцтой үр дагавартай хэргийг УДШ-д хянаж шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсын Дээд шүүх гэдэг бүлэг нь Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн цөм хэсэг. Энэ удаагийн хамгийн гол өөрчлөлт, шүүхийн шинэчлэлийн гол амин сүнс энд яваа. Яагаад гэвэл цаашид Монгол Улсын дээд шүүх бүх хэрэг маргааныг шийдвэрлэдэг байх уу үгүй юу, шүүхийн системд дарга хэв шинжтэй байх уу үгүй юу гэдэг асуудал энэ бүлгээр шийдэгдэнэ. 

УДШ амьгүй албат болох гээд байгаа юм шиг үг үсэг байна гэж байгаа бол одоо байгаа дээд шүүхийн шүүгчдийн нөлөөлөлтэй шууд холбоотой. Яагаад бүх хэрэг маргааныг шийдвэрлэх гээд байгаа юм. 

Гурван статистик хэлье. Өнөөдөр эрүүгийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 50 хувь дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Захиргааны хэргийн шийдвэрийн ¼ нь Монгол Улсын Дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Иргэний хэрэг 2-3 мянгаараа УДШ-ийн долоон шүүгч дээр овоорчихсон байгаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд амь тэмцэж байна. Бусад улс орны шүүгч нар шиг байж болохгүй юу. 

Манай улсын Дээд шүүх 25 шүүгчтэй. Гэтэл АНУ-ын дээд шүүх есөн шүүгчтэй болоод л байна. 

УДШ-ийн шүүгч нар бүх хэрэг маргааныг хяналгүйгээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ёстой. Тодорхой хэрэг маргаан дээр нэг хуулийн заалтыг илтэд хоёр өөрөөр хэрэглэсэн маргааныг л хэлэлцэнэ. Түүнээс биш ял нь хөнгөдсөн, их бага байх тухай асуудал руу ордоггүй. Энэ нь өөрөө шүүхийн хамгийн том реформ болно. Ингэснээр шүүх биш болчихоод байгаа давж заалдах шатны шүүхүүд амилна.

Давж заалдах шатны шүүхийг шүүх гэж тоохоо болсныг бүгд мэднэ. Дээд шүүх дээр очиж учраа олно, эцсийн шийдвэр гаргуулна гэдэг болсон. Үүний дүнд банк, санхүүгийн бизнесийн маргааны шүүхээр явж байгаа дундаж хугацаа 4.6 жил болсон.  4.6 жилийн хугацаанд гэрээнээс алдагдсан мөнгөнийхөө хойноос шүүхдэж байна. Энэ хугацаанд мөнгө нь үнэгүйднэ. Ийм учраас Монголд хөрөнгө оруулалт орохгүй байгаа юм. Шүүх нь хүнд сурталтай, цаг авдаг. Тийм учраас Монголд арбирт хөгжих ёстой гэж яриад байгаа юм. Томоохон гэрээ хэлцлүүдэд маргаанаа гадны арбитраар шийдүүлнэ гэдэг заалт оруулаад байгаа нь манай шүүх хүнд сурталтай учраас тэр. 

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт: Дээд шүүх бол аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүрэг рүүгээ ойртохын тулд бүх хэрэг маргааныг дээд шүүх авч хэлэлцдэг зарчмаас тодорхой нөхцлүүдийг хангасан хэргүүдийг хяналтын журмаар хэлэлцэж, доод шатны шүүхүүддээ хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг болохуйц жишиг шийдвэр гаргадаг болох хэрэгтэй. Ингэснээр ижил төстэй хэргийг өөрөөр шийддэг байдлаас дээд шүүх өөрөө хүртэл ангижрах зарчим явж байгаа. 

Нэг асуудал бий. Дээд шүүхийн хэрэг хүлээж авах шалгуур дээр гурван зүйлийг оруулсан. Энэ дээр нэг зүйлийг нэмж болохоор байгаа. Аль ч улсын дээд шүүхэд хяналтын журмаар ирсэн гомдлыг харгалзаж үзээд хууль хэрэглээний зарчимд суурь ач холбогдолтой гэж үзэх юм бол түүнийг дээд шүүх өөрөө хэлэлцдэг эрх хэмжээ олгогдсон байдаг. Энэ зарчмыг нэмсэн тохиолдолд шүүхийн хяналтаас ач холбогдолтой гэж үзэж байгаа зүйлүүд нь гарахгүй үлдэх боломж хангагдана.