Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Блүүмбергийн тоймч: Тайваньд амьдрал “ер бусын хэвийн” байна

ikon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN

2020 онд дэлхийн улс орнууд шинэ коронавирусын цар тахалтай нүүр тулж, эдийн засагт томоохон хүндрэл учраад буй энэ үед ганцхан Тайвань л цар тахлаас амжилттай урьдчилан сэргийлж, өнгөрсөн 10 сарын хугацаанд Тайваньд өнгөрүүлсэн өдрүүд минь ер бусын хэвийн байлаа (unusually normal life) гэж Блүүмберг мэдээллийн агентлагийн шинжлэх ухаан, технологийн мэдээний тоймч Тим Кулпан саяхан дурьджээ.

Тим Кулпаны хэлж буйгаар Нью-Йорк, Лондон, Мельбурн зэрэг хотууд аажмаар хөл хорио тогтоож тахлаас сэргийлж байхад Тайваньд харин ихэнх бизнесийн үйл ажиллагаа нээлттэй хэвээр байна. Тэрээр сүүлийн хэдэн сар Тайваньд байх хугацаандаа концерт үзэж, марафонд гүйж, нийтийн усан бассейнд сэлж, фитнесс төвүүдэд дасгал хийж, хөл хөдөлгөөн ихтэй баранд ууж суун, оройн зоогонд оролцож, нэг бус хоёр ч удаа ижил хүйстнүүдийн парадад оролцжээ. Харин үүнээс ялгаатай нь олон улсын бусад хотууд 2020 оны ижил хүйстнүүдийн парадыг бараг бүгдийг цуцалжээ. Дэлхий нийтээр цар тахалд гүн автсан энэ үед “Энэхүү аз жаргалтай бяцхан бөмбөлөг Тайваньд (the happy little bubble) амьдрал сайхан байна” гэж Тим Кулпан үзэж байна.

Тайваний ерөнхийлөгч Цай Инвэнийг бусад талууд өндрөөр үнэлж сайшааж байгаа төдийгүй ерөнхийлөгч ч үүнийг хүртэх гавьяатайг Тим Кулпан онцолжээ. Мөн түүнчлэн Тайваний Эрүүл мэнд халамжийн яамны сайд Чэнь Шижуны гавьяа зүтгэл их юм. Тэрээр хэдэн сарын турш өдөр бүр цар тахалтай холбоотой хэвлэлийн хурлыг биечлэн нээж, шинэ тохиолдлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж,  халдварын эх үүсвэр, түүнтэй холбоотой хяналт шалгалт, шинжилгээний нөхцөл байдлын талаар мэдээлж байсан юм. Харин Цай Инвэнь өөрөө автоматаар удаах эгнээ рүү ухарч, Засгийн газрын шинжээчдийн багт  итгэл үзүүлж, нэгдүгээрт тавьсан нь сайшаалтай юм. Тим Кулпан мөн Тайваний ард түмний өөрсдийн идэвх санаачлагаар маск зүүх зуршлыг сайшаажээ. Эрх чөлөө нэрийн дор маск өмсөхөөс татгалздаг бусад орны олон хүмүүсээс ялгаатай нь Тайваньчууд жинхэнэ эрх чөлөөний дүр төрхийг харуулж чадаж байна гэж тэрээр онцлов.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ Тайваний Засгийн газар, ард түмэн төдийгүй нийгмийн эрүүл мэндийн салбарынхан бүгдээрээ 17 жилийн өмнөх амьсгалын замын цочмог хам шинж бүхий хүнд хэлбэрийн САРС (SARS) цар тахлын гашуун сургамжийг гүн тод санаж байсан юм. 2020 оны эхэнд шинэ коронавирусын цар тахал дэгдсэнээс хойш Тайваний Засгийн газар мэргэжилтнүүдийнхээ зөвлөгөөг авч, ухаалаг технологийг бүрэн дүүрэн ашиглаж, мэдээллийн ил тод нээлттэй байдлыг ханган, найрсаг харилцаатай орнууддаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нь тусламж үзүүлсний дээр ард иргэд ч Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг хүндэтгэн, хамтран ажиллаж ирснээр Тайваньд “ер бусын хэвийн амьдрал” үргэлжлэх үндэс болсон. Миний бие Тим Кулпаны үзэл бодлыг ихэд сайшааж байна. Учир нь эрх чөлөөг харьцангуй үүрэг хариуцлага, өөрөөр хэлбэл харилцан нэгнээ хүндэтгэж, өөрийн болон бусдыг хамгаалах үүрэг хариуцлага дагалддаг юм. Монгол ба Тайваний ард түмэн бүгд эрх чөлөөнд туйлын хайртай төдийгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аль аль нь сахилга баттай байж чаддаг. Хоёр тал хоёул аль болох дотоодын халдварын тоогоо хурдан тэглэж, айлчлан ирэх шинэ оноо угтаасай хэмээн хүсэж байна гэлээ.

 

Блүүмбергийн тоймч Тим Кулпан Тайваний цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг сайшаажээ. (Зургийн эх сурвалж: bloomberg. com)

 

(Зургийг: Мэдээллийн төв агентлагаас)

Эх сурвалж: Тайваний төлөөлөгчийн газар