Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын тэрбумтан Жэк Ма хоёр сарын турш олны нүднээс нуугдаж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг Жэк Ма сүүлийн хоёр сар гаруй хугацаанд олны нүдэнд өртөлгүй, нам гүм байгаа нь анхаарал татаж байна.

Тэрбээр хамгийн сүүлд аравдугаар сарын сүүлээр Шанхай хотод болсон нэгэн чуулганд оролцсон юм. Үүний дараа Хятадын засгийн газар Алибаба компанийн санхүүгийн салбар болох Ант Группийн үнэт цаасны зах зээлээс хөрөнгө босгох ажиллагааг зогсоосон юм. Хэрвээ энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол дэлхийн түүхэнд хамгийн том IPO (Initial Public Offering) болж, Магийн хөрөнгө үлэмж хэмжээгээр өсөх байв.

Улмаар өнгөрсөн сард Алибабагийн онлайн худалдааны бизнест монополийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Хятадын албаны эх сурвалжийн мэдээлснээр Бээжингийн эрх баригчид Алибабагийн бизнесийн өргөжилтийг зориуд хязгаарлаж, компанид нь томоохон хувь эзэмших магадлалтай байгаа гэнэ.

Аравдугаар сард Шанхайд болсон арга хэмжээнд оролцохдоо Жэк Ма эрх баригчдын хүнд суртал, хатуу чанга хяналтыг ил тод шүүмжилсэн гэсэн мэдээлэл бий.

Арваннэгдүгээр сард Жэк Ма өөрийн санаачилсан “Africa’s Business Heroes” телевизийн уралдаант шоунд шүүгчээр оролцох байсан ч оронд нь өөр хүн оролцсон байна. Жэк Магийн ажлын төлөвлөгөөнд давхцал гарсан тул Африкийн бизнесмэнүүдийг дэмжих шоунд оролцож чадаагүйг Алибаба компанийн төлөөлөгч хэвлэлүүдэд мэдэгджээ.

Хэдийгээр 2019 онд Алибабагийн удирдлагаас буусан ч Ма одоо тус компанийн хамгийн том хувь эзэмшигч бие хүн хэвээр байгаа юм. 

Түүний мэдэлд Алибабагийн $25 тэрбумын үнэлгээтэй 5 орчим хувь байдаг.

Бизнесээс хөндийрсөн цагаасаа хойш Жэк Ма хүмүүнлэгийн үйлсэд ихэнх цагаа зарцуулах болж, дэлхий даяар зохион байгуулагдсан олон арга хэмжээнд тогтмол оролцох болсон юм. Харин өнөөдөр тэр хаана байгаа нь тодорхойгүй хоёр сарын хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд түүний үүсгэн байгуулсан компаниуд Бээжингээс өгсөн чиглэлийн дагуу шаргуу ажиллаж буйгаа мэдэгдсээр байна. Тухайлбал Ант Групп засгийн газрынхаа тавьсан шаардлага, зөвлөмжийг талархан хүлээн авснаа өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Зах зээлд шударга бусаар өрсөлдсөн хэмээн буруутгагдаад байгаа Алибаба компани алдаагаа засахын төлөө эрх баригчидтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: CNN