Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюун билгийн соёрхол” монгол хэл, бичгийн багш нарт зориулсан цахим сургалтад 1,000 орчим багш оролцож байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

“Оюун билгийн соёрхол” монгол хэл, бичгийн багш нарт зориулсан цахим лекц семинарын хоёр дахь өдрийн сургалт өчигдөр боллоо.

Сургалт нь монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн сургалтын хөтөлбөр, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэхэд багш нарт онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цахим сургалтын арга, туршлагаас солилцох, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд нийт 1,000 орчим багш оролцож байгаа юм.

Хоёр дахь өдрийн сургалтад МУИС-ийн профессор Н.Нансалмаа “Хэлд орох, хэл эзэших үйл”, СУИС-ийн профессор Ж.Баянсан “Хэлний соёл, үндэсний сэтгэлгээ”, Монгол Улсын Ардын багш Ш.Чоймаа “Үндэсний бичгийн заах аргын уламжлал, шинэчлэл”, МУИС-ийн багш, доктор В.Дашдаваа “Хэл сургахуй ба орчин цагийн хэл шинжлэл”, ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, доктор Э.Пүрэвжав “Монголын нууц товчоо, түүнийг заах сургах арга зүй” зэрэг сэдвээр тус тус хичээл орлоо.

Лекц бүрийн дараа оролцогч багш нар асуулт асууж, харилцан ярилцаж байгаа юм. Сургалтын явцад багш нар хэд хэдэн даалгавар гүйцэтгэх бөгөөд эхний удаад 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр болсон “Монгол хэл бичгийн цахим хичээл боловсруулах ур чадвар” ерөнхий сэдвээр болсон сургалтын дараа багш нарыг POWTOON программ ашиглан Үндэсний бичгийн хичээлээр 3 хүртэл минутын хичээлийг багаар бэлдэх даалгавар өгсөн байв.

Цахим сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар, Монгол хэл бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо хамтран зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид ажиллаж буй монгол хэл бичиг, уран зохиолын багш нар хамрагдаж байна.

 

Эх сурвалж: БШУЯ