Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

2020 онд Өмнөд Солонгосын хүн ам түүхэндээ анх удаа хорогджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хүн ам өнгөрсөн онд орчин үеийн түүхэндээ анх удаа хорогдсон тухай тус улсын засгийн газраас өчигдөр гаргасан статистик мэдээлэлд өгүүлжээ.

Өөрөөр хэлбэл 2020 онд тус улсад мэндэлсэн хүүхдийн тооноос нас барсан хүний тоо давсан байна.

Нийт 275,800 хүүхэд шинээр мэндэлсэн нь 2019 оныхоос 10 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин өнгөрсөн онд 307,764 хүн нас барсан байна.

Энэхүү тоо баримт нь хүн амын бодлогоо “үндсээр нь өөрчлөх хэрэгтэй болсныг харууллаа” хэмээн тус улсын дотоод хэргийн яам мэдэгджээ.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хүн амынхаа өсөлтийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг нэвтрүүлэхээр зарласан юм. Үүнд хүүхэдтэй гэр бүлүүдэд үзүүлэх хэд хэдэн төрлийн мөнгөн тэтгэмжүүд багтаж байв.

Тухайлбал 2022 оноос эхлэн шинээр төрсөн хүүхэд бүрд хоёр сая вон ($1,850) нэг удаа олгож, ой хүртэл нь сар бүр 300,000 вон олгохоор болсон юм. Сар бүр төлөх тэтгэмжийн хэмжээ 2025 он хүртэл шат дараатай нэмэгдсээр 500,000 вон болох гэнэ.

Мөн хүүхэдтэй эцэг эхчүүдийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг авахаар болжээ. Өмнөд Солонгост хүүхдийн төрөлт буурсны улмаас хүн ам нь эрчимтэй хөгширч байна.

Хэрвээ энэ байдал хэвээр үгэлжилбэл 2060 онд хүн ам нь хоёр дахин буурч, 25 сая хүрэхгүй хэмжээнд хүрнэ гэж Солонгосын Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн тооцоолжээ.

 

Эх сурвалж: BBC