Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Архаг, суурь өвчтэй хүмүүс халдвар авч хүндрэх тохиолдол нэлээд гарч болзошгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

"2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд ДЭМБ-д Монгол Улсад коронавирусийн улмаас нэг хүн нас барсан гэж бүртгэсэн. Гэтэл манай улсын ЭМЯ-наас энэ мэдээллийг өгсөнгүй. Үүнд тайлбар өгөөч" гэдэг асуултад дараах хариултыг хэлэв. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Нас баралт бүртгэгдсэн тохиолдол бий. Ковидын халдвар авсан хүн нас барсан учраас бүртгэлд орсон. Нас барсан хүн нь архаг өвчтэй, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт маш хүнд, амьсгалын аппараттай эмчлүүлж байсан. Үндсэн онош, дагалдах онош гэж бий. Үндсэн онош болох булчингийн сулрал, дутагдал гэдэг оношоор нас барсан. 

Жишээ нь, зүрхний дутагдалтай хүн томуугийн вирусийн халдвар аваад нас барсан бол зүрхний дутагдлаар нас барсан гэнэ. Коронавирусээр хүн нас барсан. Гэхдээ уушгины хүнд хэлбэрийн өөрчлөлтүүдээс болж амьсгалын дутагдалд орж нас бардаг. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад ковидын халдвар авсан хоёр хүнд хүн Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байна. Энэ хоёр хүн архаг суурь өвчтэй, сүрьеэгийн үлдэцтэй, зүрхний хэм алдагдалтай, зүрхний шигдээстэй. Энэ хүмүүсийн биеийн байдал хүндрэх эрсдэл тун өндөр байна. Архаг, суурь өвчтэй хүмүүс халдвар авч хүндрэх тохиолдол нэлээн гарч болзошгүй. 

Бид нас баралтын шалтгааныг иргэддээ тодорхой мэдээлнэ. Нас баралт дээр олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналт тавьдаг учраас тодорхой байдаг.