Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

О.Чимэдсүрэн: Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлээд нийтдээ зургаан аймагт кластер голомт гарсан бөгөөд Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээрээ байна. ДЭМБ-аас нууц үеийн 14 хоногийн хугацааг хоёр дахин авснаар буюу 28 хоногоос дээш хугацаагаар халдвар нэмж гараагүй бол халдварын тархалт хумигдлаа гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт халдварын голомт үндсэндээ хумигдаад байна. Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум хяналтад байгаа.

Халдвар бүртгэгдсэн аймгуудад нийтдээ 130 мянган иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. Голомтын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажил шуурхай зохион байгуулагдсан учраас халдварын тархалтыг зогсоож чадсан гэж үзэж байгаа. 

Улаанбаатар хотод халдвар идэвхтэй байгаа учраас 21 аймаг руу халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үзэж байна. 

Өчигдөр хамтарсан багуудын 19 дэх үнэлгээг хийхэд Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр гэх дүгнэлт гарсан" гэв.

Дэлхий дахинд шинэ жилийн үеэр халдвар оргил үедээ хүрчээ

Үргэлжлүүлэн тэрбээр дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцууллаа.

Дэлхийн улс орнууд халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж байгаа гол арга хэмжээ нь хөл хорио байгаа. Тухайлбал, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, олон нийтийн арга хэмжээ, аялалуудыг цуцлах арга хэмжээг 0-100 оноогоор үнэлсэн байна. 2020 оны арванхоёрдугаар сарын дунд үед Африкийн цөөн орнууд 10-20 оноогоор үнэлэгдэх хөл хориог тогтоож байсан бол бусад орнууд 40-100 оноогоор дүгнэх хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байжээ. Үүний үр дүнд өвчлөл буурсан хэдий ч шинэ жилийн үеэр/2020 оны арванхоёрдугаар сарын 30, 31-нд/ халдвар оргил үедээ хүрчээ. Халдварын тохиолдол, нас баралт Европын орнууд, АНУ-д хамгийн олон бүртгэгдсэн байна. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3793298140691573

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.