Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар ба вакцины талаарх эрдэмтдийн тайлбар

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN

Улсын Онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд байгуулагдсан. Тус зөвлөлд багтсан эрдэмтэн, судлаачид коронавирусийн халдварын талаар болон вакцины талаарх судалгаа, шинжилгээний тухай мэдээллийг өгч байна.

ВИДЕО:

https://fb.watch/2O6-XTnaVR/

Эрдэмтдийн хэлж буйгаар коронавирусийн халдвар авахад 100 хувь нас барна гэсэн үг биш бөгөөд хамгийн эрсдэлтэй хүмүүс нь архаг суурь өвчтэй, өндөр настнууд юм. Харин айл бүрт өндөр настай, суурь өвчтэй зэрэг эмзэг мэдрэг хүн бий. Иймд эрсдэлт бүлгийн хүмүүсээ өвчлүүлэхгүй, хор хохирол учруулахгүйн тулд олныг хамарсан далайцтай арга хэмжээ авч байгаа гэдгийг тодотгож байна. 

Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга, Доктор, дэд профессор С.Янжинсүрэн "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны шинжилгээнээс харахад тэд нэг зүйл өндөр акцент өгч байна. Тэр нь хөл хорио бол COVID-19-ийг барьж тогтоох, түүний хор хохирлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй хамгийн үр өгөөжтэй арга хэмжээ мөн" гэдгийг дурдав.

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар "Нэг халдварын цаана байгаа хүмүүсийг илрүүлэн тусгаарлаад явахад хөл хорионы дэглэм маш үр дүнтэй байгаа. Хөдөлгөөнийг 90 хувь хүртэл буюу арав дахин бууруулсан гэдэг тооцоололтой байна" гэлээ.

Мөн тэрбээр "Дэлхий нийтээрээ вакцинд найдаж байна. Вакцин бол тухайн нян вирусийг нэг бол үхүүлж, эвсэл сулруулж байж хүний биед тарьдаг. Тэрхүү вирус нь хүний биед орохдоо амьд вирустэйгээ адилхан танигдсанаар эсрэг дархлаа тогтдог" хэмээв.

Энэ оны нэгдүгээр улиралд багтаан вакцин авахаар олон улсын байгууллагуудад захиалгаа хүргүүлээд байгаа аж. Вакциныг эн тэргүүнд эмч сувилагч, хүчний байгууллагын алба хаагчдад тарьж, түүний дараа 60-аас дээш насныханд тарихаар төлөвлөжээ. 

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар "Одоо бүтээгдэж буй вакцинууд дотор өвөрмөц вакцинууд бий. Вакциныг тээвэрлэж буй вирус нь аденовирус. Аденовирус нь дотроо коронавирусийн генийг агуулах бөгөөд тухайн хүний биед орсон хойноо үржиж өөрийн уургийг нийлэгжүүлэхээрээ коронавирусийг хүний бие дотор гаргана гэсэн үг. Технологийн хувьд өөр вакцинууд бий" гэв.

Түүнчлэн АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч Ч.Баттогтох "Вакциныг дөнгөж хийлгэснээр маргааш нь халдвараас хамгаалагдахгүй. Тодорхой хугацаанд дархлааны урвал өрнөж, тухайн вирус эсвэл бактериас хамгаалах чадамжтай эсрэг биеийг хангалттай хэмжээнд үүсгэснээр халдвартай хүнтэй уулзсан ч хамгаалах чадамжтай байна гэсэн үг" гэв.