Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британиас гаралтай коронавирусийн шинэ хувилбар Хятад улсад анх удаа бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар Хятад улсын нутаг дэвсгэрт анх удаа бүртгэгдсэн тухай тус улсын эрүүл мэндийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Эх хувилбараасаа илүү өндөр халдварлах чадвартай гэгдэж байгаа шинэ хувилбар өнгөрсөн оны аравдугаар сараас анх Их Британид тархаж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улс уг вирусийн хувилбараас хүн амаа хамгаалах зорилгоор Их Британиас ирэх зорчигчдод хилээ хаагаад байна. Хятад улсын хувьд өнгөрсөн сарын 24-ний өдрөөс эхлэн хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан юм.

Арванхоёрдугаар сарын 14-нд Их Британиас Шанхай хотод ирсэн 23 настай эмэгтэйгээс B.1.1.7 хувилбарын Хятад дахь анхны халдварын тохиолдол илэрчээ. Өвчтөний шинжилгээний хариуд нь хэвийн биш үр дүн ажиглагдсан тул илүү дэлгэрэнгүй генетикийн шинжилгээ хийсний дараа шинэ хувилбарын вирус болохыг нь тогтоосон гэнэ.

Одоо уг эмэгтэйн ойрын хавьтлыг мөрдөж, тодруулах ажил үргэлжилж байгааг Хятадын эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Британийн мэргэжилтнүүд B.1.1.7 хувилбарыг ердийнхөөс 70 хүртэл хувиар илүү халдварлах чадвартай байж болзошгүй гэж дүгнэсэн ч хүний амь насанд илүү аюултай, илүү хүндээр өвчлүүлдэг гэх баталгаа олдоогүй байгаа юм.

 

Эх сурвалж: AFP