Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Brexit-ийн дараа Их Британийн ерөнхий сайдын аав Франц улсын иргэн болох хүсэлт гаргалаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Их Британи улс өнөөдрөөс эхлэн Европын Холбооноос гарч, өөрийн бие даасан хөгжлийн замыг сонгож байна.

Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон BREXIT гэж нэрлэгддэг уг хөдөлгөөний гол идэвхтнүүдийн нэг юм.

Шинэ он гарахаас өмнө тэр Brexit-ийн дараа үйлчлэх худалдааны гэрээг Европын Холбоотой байгуулж чадсан.

Тэгвэл Борис Жонсоны аав Стэнли өчигдөр буюу 2020 оны сүүлчийн өдөр Франц улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор гаргажээ.

Тэрбээр хүүгээсээ өөр үзэл бодолтой, Их Британийг Европын Холбооноос гаргахын эсрэг байр суурьтай хүн юм.

“Би үргэлж Европын талд байсан. Хэн нэгний хэлснээр Британи хүн Европ хүн биш болно гэж байхгүй. Европын Холбоонд багтах нь чухал ач холбогдолтой” гэж Стэнли Жонсон өчигдөр хэвлэлд ярьсан байна.

Тэрбээр цааш нь “Би бол франц хүн юм. Миний ээж Францад төрсөн, түүний ээж, өвөө нь жинхэнэ франц хүмүүс байсан. Тиймээс миний хувьд авах ёстой зүйлээ л авах гэж байна. Би үүндээ маш их сэтгэл хангалуун байна” гэж ярьжээ.

Их Британи улсын Европын Холбоотой байгуулсан гэрээний хүрээнд өнөөдрөөс эхлэн британичууд Европын орнуудад чөлөөтэй зорчих, ажиллаж, амьдрах боломжгүй болж байна.

Мөн Европын Холбооны гишүүн орнуудтай худалдаа хийхэд илүү өндөр зардал, хүнд сурталтай болж байгаа.

Үүний улмаас Их Британийн иргэд Европын орнуудын иргэний харьяалал авах явдал нэмэгдсэн юм.

Ялангуяа Их Британитай чөлөөтэй зорчих гэрээтэй Ирландын иргэний харьяалал хүсэх явдал нэмэгджээ. 2016 оны санал асуулгаар Brexit дэмжигдсэнээс хойш олон зуун мянган хүн Ирландын иргэний харьяалал авах хүсэлт гаргасан байна.

Мөн Нэгдсэн Хаант Улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотландад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, Европын Холбоонд элсэх санаа идэвхжиж эхлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters