Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын залуу гишүүд бизнес эрхлэгчдээ дэмжих тогтоолын төсөл санаачиллаа"

ikon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Г. Дамдинням, Х. Ганхуяг, Г. Амартүвшин нар "КОВИД-19 цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Энэ тухайд УИХ-ын гишүүн Г. Дамдиннямаас тодруулахад "ЖДҮ бизнес эрхлэгчидтэй уулзахад гол хүсэлт нь бизнесийн зээл, хүүгийн дарамтын асуудал байсан. Хэдийгээр хэрэглээний зээлийн хугацааг сунгаж, үндсэн зээлийг төлөх хугацааг хойшлуулж байгаа ч иргэд, ААН-ээс зээлийн хүүг төлөхийг шаардаж байгаа нь хөл хорионы нөхцөлд ямар ч үйл ажиллагаа байхгүй, орлогогүй болсон бизнес эрхлэгчдийг маш хүнд дарамтад оруулж байна.

Ажлын байрыг бий болгож, татвар төлж, амьдралаа өөрөөрөө авч явдаг баялаг бүтээгчдээ энэ хүнд үед төр анхаарах цаг болсон. Тогтоолын төсөл батлагдсанаар 60 мянга орчим бизнес эрхлэгчдийн зээл, хүүгийн төлөлтийг хөнгөлөх, хойшлуулах боломж бүрдэж, жижиг, дунд бизнес тогтворжиж, ажлын байраа хадгалах боломж нээгдэнэ. Төрөөс иргэддээ чиглэсэн халамжийн бодлогыг хангалттай хэрэгжүүлж буй. Одоо бид баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдээ дэмжиж, ажлын байрыг аль болох хадгалж үлдэх, хөдөлмөр бүтээмжийг чухалчлах ёстой. Ингэж байж улсын хөгжил урагшилна" гэлээ.

Тогтоолын төслийг гишүүд шинэ оны хамгийн эхний ажил болгож, өргөн барьж, хэлэлцүүлэх юм байна.