Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын нууц мэдээллийг Израйльд дамжуулж байсан тагнуул олон жилийн дараа Израйлд амьдрахаар иржээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Гадаадын тусгай албадад нууц мэдээлэл дамжуулсан хэргээр 30 орчим жил шоронд хоригдож байсан Жонатан Поллард өчигдөр АНУ-аас Израйльд амьдрахаар гэргийн хамт ирсэн байна.

АНУ-ын тэнгисийн хүчний тагнуулын албанд шинжээчээр ажиллаж байхдаа Поллард ажлын шугамаар олж авсан нууц мэдээллээ өөрийн өвөг дээдсийн нутаг Израйлийн тусгай албадад дамжуулж байжээ.

Үүнд Арабын орнуудын тухай, тэдний Зөвлөлт Холбоот Улсаас авч буй дэмжлэгийн тухай зэрэг мэдээлэл голлож байв.

Улмаар 1985 онд өөрийн ажил үүрэгт хамаагүй мэдээлэлд хандаж буйг нь олж мэдсэн АНУ-ын тагнуулын алба түүнийг баривчилж, хоёр жилийн дараа шүүхээс шоронд хорих ял оноож байжээ.

2015 онд Поллард шоронгоос суллагдсан ч Израйль улс руу явахыг нь хориглож байв. Харин өнгөрсөн сард АНУ-ын хууль зүйн яам түүнд тавьсан хилийн хоригийг цуцалсан юм.

Өчигдөр Поллард гэргий Эстерийн хамт хувийн нисэх онгоцоор Тель Авив хотод ирж, Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тэднийг угтаж авсан байна. Энэ үеэр Нетаньяху түүнд Израйлийн иргэний үнэмлэхийг нь гардуулж өгчээ.

Поллардыг авчрах онгоцыг Нетаньяхугийн дэмжигч, казиногийн тэрбумтан Шелдон Аделсон гаргасан гэнэ.

Олон жилийн дараа өвөг дээдсийнхээ нутагт ирэхэд нь тусалсан Израйлийн ард түмэн, засгийн газарт Поллард талархал илэрхийлж, “аз жаргалтай, эрх чөлөөтэй” шинэ амьдралаа эхэлж буй түүнд Нетаньяху баяр хүргэсэн байна.

Жонатан Поллард нь 1954 онд АНУ-ын Техас мужид жүүд гэр бүлийн отгон хүү болон мэндэлж байжээ.

 

Эх сурвалж: CNN