Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Иран улс буудаж унагасан Украины нисэх онгоцны зорчигч бүрийн ар гэрт $150,000 төлөхөөр болжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ оны нэгдүгээр сард Ираны зэвсэгт хүчин тус улсын нийслэлээс хөөрсөн Украины иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг дайсны пуужинтай андууран буудаж, устгасан билээ.

Тухайн үед Америк, Ираны харилцаа муудаж, дайны ирмэгт хүрээд байсан тул ийм санамсаргүй алдаа гарсан гэдэг.

Тэгвэл Иран улсын засгийн газар нийт 176 хохирогчийн ар гэр тус бүрт $150,000-ын нөхөн олговор төлөх болсноо өчигдөр мэдэгджээ.

Энэ мэдэгдлийн дараа Украины засгийн газар Ираны эрх баригчдын авсан арга хэмжээг эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан байна.

Ослын шалтгааныг мөрдөн тогтоож, буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцсоны дараа нөхөн олговрын хэмжээг талууд яриа хэлэлцээний үндсэн дээр тогтоох ёстой гэж Украины гадаад хэргийн яам мэдэгджээ.

Ираны тал онгоцны осолтой холбоотой баримтуудыг хуваалцах тохиролцоогоо биелүүлэхгүй байгааг мөн энэ үеэр Украины тал шүүмжилсэн байна.

Канадын гадаад хэргийн сайд бас Ираны авсан арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Украины нисэх онгоцонд тус улсын иргэд олноор зорчиж байсан юм.

Зэвсэгт хүчний радарын системийн алдаатай ажиллагаа, агаараас хамгаалах хүчний удирдлага, операторуудын хоорондын үл ойлголцол, дутуу мэдээллээс болж Украины онгоцыг сүйрүүлсэн гэх дүгнэлтийг Ираны Иргэний Агаарын Тээврийн Байгууллага энэ оны долдугаар сард гаргаж байв.

Ослын буруутнуудыг Ираны цэргийн шүүхээр шийтгэснээ Тегераны тал өмнө нь мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: Reuters