Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирийн мөнх цэвдэгээс эртний хирсний сайн хадгалагдсан үлдэгдэл олджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Мөстлөгийн үеийн үсэрхэг хирсний маш сайн хадгалагдсан үлдэгдлийг Сибирийн мөнх цэвдэгээс илрүүлснээ Оросын эрдэмтэд өчигдөр зарлажээ.

Араг яснаас гадна арьс үс, эвэр, дотор эд эрхтнүүд бүхий уг ховор олдворыг энэ оны наймдугаар сард Якутаас анх илрүүлсэн юм байна.

Өнгөрсөн хугацаанд олдворыг тээвэрлэх зам мөстөж бэлэн болохыг хүлээсээр одоо л лабораторид хүргэх боломжтой болж байгаа ажээ. Энэ нь эрт үед амьдарч байгаад устсан үсэрхэг хирсний хамгийн сайн хадгалагдсан олдворуудын нэгд тооцогдож байна.

Шинэ олдвор нь 3-4 настай хирсний тугал байсан бөгөөд усанд живж үхсэн байх магадлалтай гэж таамаглаж байгаагаа Оросын Шинжлэх Ухааны Академийн Якут дахь салбарын палеонтологич Валерий Плотников хэвлэлд ярьжээ. Олдворыг 20,000-50,000 жилийн настай гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Лабораторид шинжилгээ хийсний дараа хугацааг нарийвчлан тогтоох ажээ. Якутын Абыйск дүүргийн Тирехтях голын саваас шинэ олдворыг илрүүлсэн юм. Эндээс 2014 онд 34,000 жилийн өмнө амьдарч байсан өөр нэг залуу хирсний үлдэгдэл олдож байжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотойгоор Сибирийн мөнх цэвдэг гэсэж, арслан заан, үсэрхэг хирс, агуйн арслан зэрэг эрт цагийн амьтдын үлдэгдэл олноор илрэх болсон юм. 

 

Эх сурвалж: Associated Press