Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ багасахын хэрээр халаасны хулгай буурч байна. Энэ онд 52 хувиар буурсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буурчээ. Тодруулбал, 2019 оны эхний 11 сард хүний өмчлөх эрхийн эсрэг 17,585 хэрэг бүртгэгдсэн бол 2020 оны эхний 11 сард 11,960 хэрэг бүртгэгдсэн байна.

2019 оны эхний 11 сард бүртгэгдсэн хэргүүдийн 29.9 хувийг илрүүлсэн бол энэ оны мөн үед илрүүлэлт 37.5 хувьд хүрсэн нь 18 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн юм.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.ЧулуунтамирМонгол Улсад жилд дунджаар 30,000 орчим гэмт бүртгэгддэг бөгөөд үүний 30 орчим хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.

Хулгайлах гэмт хэрэг дотроо орон байрны хулгай дийлэнхийг эзэлдэг бөгөөд энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор иргэд гэртээ байх хугацаа нэмэгдсэн нь энэ төрлийн хулгайн гаралтыг бууруулсан. Мөн цагдаагийн байгууллагаас хулгайлах гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр нөлөөллийн болон сэрэмжлүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, халаасны хулгайн улмаас гар утсаа алдах тохиолдлыг бууруулахаар Теди, Монтел худалдааны төвүүдийн гадна гудамж талбайд гар утас худалдаалдаг байдлыг зогсоохоор Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хандсан. Ингээд 2020 оны хоёрдугаар сард дээрх төвүүдийн гадна талбайд гар утас худалдаалахгүй байх Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Энэ шийдвэрийн биелэлтийг хангахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ багасахын хэрээр халаасны хулгай буурч байгаа бөгөөд энэ онд гэхэд 52 хувиар буурсан. Ингээд халаасны хулгайн дийлэнх хувийг гар утасны хулгай эзлэх болсон. Тийм учраас иргэд маань олон нийтийн газраар явахдаа гар утсаа далд хийх, ядаж л энгэрийн халаасандаа авч явж хэвших хэрэгтэй байна.

Мөн сүүлийн үеийн ухаалаг утасны ID/IMEI кодыг гадаад, дотоодын аппликэйшнд бүртгүүлснээр алдсан ч байршлаар нь эргээд олох боломжтой байдаг” гэдгийг хэлж байв.

Монгол Улсад түгээмэл үйлдэгддэг дөрвөн төрлийн гэмт хэрэг байдаг. Хулгайлах, бусдын эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, залилан мэхлэх, замын хөдөлгөөний гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 80 хувийг эзэлдэг юм.