Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарт нөхцөл байдал дээрдвэл хэвийн горимд шилжүүлнэ. Харин тархалт нэмэгдвэл хөл хорио тавихаас өөр аргагүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд Я.Содбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүдийг олон нийтэд танилцуулав. Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

"Хөл хорионы улмаас иргэдийн орлого тасарч, амьдрал нь хүнд байна. Эдийн засгаа аврахын тулд Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ" гэх асуултад тэрбээр "Цар тахлын эрсдэл багатай даван туулахыг зорьж байна. Юуны өмнө иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг чухалчилж байгаа.

Халдварын нөхцөл байдал гайгүй болбол худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийг хэвийн байдалд шилжүүлэх зорилготой байна. Харамсалтай нь халдварын хүрээ нэмэгдэх, тархалтын хурд нэмэгдэх хандлагатай болоход мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг баримталж, зохих арга хэмжээг авна.

Дэлхийн улс орнууд хөл хорио тавьж болохгүй, эдийн засгаа аварна гээд оны эхнээс явсан. Гэвч тэдгээр орон эдийн засгаа харж байгаад нэг талаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, халдварыг алдсан. Нөгөө талаар эдийн засгаа ч алдсан. Тиймээс өвчний тархалтыг хумих, цар тахлыг нийтийн дунд тархаахгүй байх нь эдийн засагтаа ч үр өгөөжтэй.

Манай улсад нийтийн цар тахал болж тарвал экспорт, иргэдийн амьдрал маш хүндээр тусна. Одоогоор кластер хэлбэрээр гарч байгааг барих ёстой. Халдварын голомтыг хумьж чадсан, халдвар гараагүй газруудад үйлдвэрлэл, үйлчилгээг хэвийн горимд шилжүүлнэ. Иймдээ ч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бусад аймаг, сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, худалдаа үйлчилгээ, амьдралын хэвийн хэвшилд шилжүүлэх шийдвэр гаргасан. 

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр гарсан голомтоос улбаалан нийслэлд хатуу хөл хориог 14 хоногийн хугацаанд тогтоосон. 2021 оны нэгдүгээр 6-н хүртэл нөхцөл байдал дээрдвэл аль болох хэвийн горимд шилжүүлнэ. Гэхдээ тархалтын хүрээ нэмэгдвэл хөл хорио тавихаас өөр аргагүй" хэмээн хариулав.

https://www.facebook.com/iKonNews/videos/1827902980691204