Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Мэдээлэл нуун дарагдуулснаас болоод халдварт өртсөн хүмүүс байхгүй. Сэрэмжлүүлэх шаардлагатай бүх мэдээллээ өмнө нь хэлж байгаа"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн салбарын цаг үеийн зарим асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

- Оршуулгад оролцсон хүн, цагдаа зэрэг хүмүүсээс халдвар илэрсэн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь өгч чадаагүйгээс болж иргэд халдварт өртсөн үү. Энэ асуудалд байр сууриа илэрхийлнэ үү?

- Мэдээллийг нуун дарагдуулсны улмаас халдварт өртсөн гэж яриад иргэдэд буруу ойлголт өгч болохгүй. Мэдээлэл нуун дарагдуулснаас болоод халдварт өртсөн хүмүүс огт байхгүй. Оршуулах үйл ажиллагаанд оролцсон, халдвартай байж болзошгүй гэж үзсэн хүмүүсийг илрүүлсэн даруйдаа зохих арга хэмжээг аваад мэдээлэх цаг хугацаандаа мэдээлээд явсан. Ард иргэдэд сэрэмжлүүлэх шаардлагатай гэсэн бүх мэдээллээ өмнө нь хэлж байгаа.

- Төсвөөс их хэмжээний мөнгө гаргасан мөртлөө хувийн эмнэлгүүдэд яагаад цалин, зардал мөнгөө өөрсдөө даа гэсэн бичиг явуулсан бэ?

- Хувийн хэвшлийн эмнэлгүүд үйл ажиллагаагаа явуулахдаа КОВИД-19-өөс хамгаалах шаардлагатай хувцас хэрэглэлээ өөрсдөөсөө гаргах нь зүйтэй.

ЭМЯ-ны зүгээс гаргасан 20 орчим тэрбум төгрөгийн зарцуулалтын ихэнх нь ард иргэдэд хийх шаардлагатай шинжилгээний урвалж бодис, хамгаалах хувцас хэрэглэлд зарцуулагдсан. Дараагийн гол зарцуулалт нь эмч эмнэлгийн ажилчдын цалин урамшуулал, ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлсэн явдал. 

Тухайлбал, халдвартай нь батлагдсан хүнтэй тулж ажиллаж байгаа 275 хүнд таван сая төгрөгийн урамшуулал өгсөн. Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа халдвар авсан эмч, эмнэлгийн 65 ажилтанд таван сая төгрөг өгсөн. Мөн халдварын үед буюу тусгаарлах байр, лаборатори, шинжилгээ аван ажиллаж байгаа 1,800 гаруй хүнд 800 мянган төгрөгийн тэтгэлэг өгсөн. Мөн өнгөрсөн хугацаанд 14 мянган эмч, эмнэлгийн ажилчдад 8.8 тэрбум төгрөгийн илүү цагийн мөнгийг өгсөн. 

Ийнхүү шаардлагатай зүйлд санхүүжилт хийгээд явж байна.

Хувийн хэвшлийн тухайд цаашид халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дайчлагдахаар болвол шаардлагатай хамгаалах хувцас хэрэглэл санхүүжилтийг шийдэж ажиллуулна. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1827902980691204