Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд сансрын хог хаягдлыг бууруулахын тулд модон хиймэл дагуул бүтээхээр ажиллаж байна

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

400 гаруй жилийн түүхтэй Японы Сүмитомо корпорацийн ойн аж ахуйн салбар болон Киотогийн их сургуулийн судлаачдын баг хамтран 2023 онд дэлхийд анх удаа модон хиймэл дагуул сансарт хөөргөхөөр ажиллаж эхэлжээ.

Дэлхийн тойрог замд сансрын хог хаягдал нэмэгдэж, агаар мандалд хор хөнөөл учруулж байгааг бууруулах зорилгоор ийм ажил эхлүүлсэн байна.

Модоор хийсэн хиймэл дагуул нь агаар мандалд ямар нэг хортой бодис ялгаруулалгүйгээр шатаж устах бөгөөд хэлтэрхий нь газарт унасан ч байгаль орчинд хор хөнөөлгүй юм.

“Хиймэл дагуулууд дэлхийн агаар мандалд орж ирэхдээ шатаж, хөнгөнцагааны тоосонцор үүсгэдэг нь олон жилийн турш атмосферын дээд хэсэгт үлддэг. Эцэстээ энэ нь дэлхийн байгаль, цаг уурт нөлөөлөх аюултай юм” гэж Киотогийн их сургуулийн профессор Такао Дои ярьжээ.

Тэрбээр сансрын нисгэгч байсан бөгөөд 2008 онд тойрог замд хүрч ажиллахдаа жингүйдлийн орчинд зориулж бүтээсэн бумерангийг анх шидэж туршсан хүн юм.

Сүмитомо, Киотогийн их сургуулийн баг одоо эрс тэс цаг уур, орчин нөхцөлд тэсвэртэй модны төрөл зүйлийг гаргаж авахаар ажиллаж байгаа гэнэ.

Төлөвлөгөө ёсоор 2023 онд анхны модон хиймэл дагуул тойрог замд хүрэх юм байна.

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы мэдээлснээр өнөөдөр манай гарагийг тойроод 6,000 орчим хиймэл дагуул эргэлдэж байна. Тэдгээрийн 60 орчим хувь нь ашиглалтаас гарсан сансрын хог хаягдал юм.

2028 онд энэ тоо 15,000 хүрэх тооцоо гарчээ.

Хаягдал болсон хиймэл дагуулууд тойрог замд секундэд 10,000 метрийн хурдтай нисэлдэж байдаг бөгөөд замдаа таарсан ямар ч биетийг эвдэх аюултай. Үүнээс гадна тэдний зарим нь дэлхийн агаар мандалд орж ирээд шатаж устдаг юм байна.

 

Эх сурвалж: BBC