Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Францын нэрт загвар зохион бүтээгч Пьер Карден 98 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хувцас загварын ертөнцийг 1960-1970-аад оны үед байлдан дагуулж байсан нэрт загвар зохион бүтээгч Пьер Карден 98 насандаа таалал төгссөн тухай Францын Урлагийн Академи өчигдөр твиттер хуудсандаа мэдээлжээ.

Тэрбээр 1960-аад оны урлаг соёлын одод болох Элизабет Тэйлор, Брижит Бардо, Битлз хамтлагийн гишүүд зэрэг алдартнуудыг хувцаслаж байсан юм.

Сүүлийн 100 жилийн дөрөвний гурвыг эзэлсэн ажил хөдөлмөрийн замналынхаа туршид Карден өөрийн нэрийг томоохон брэнд болгож, бэлэн хувцаснаас гадна үзэг, цаг, зочид буудал, үнэртэн, ресторан зэрэг бараа бүтээгдэхүүнд лицензээр ашиглуулж их орлого олсон гэдэг.

Нэрээ брэнд болгох тал дээр тэр хувцас загварын салбарт анхдагч болж, “Лицензийн Наполеон” хоч зүүж байжээ. Энэ санаачилга нь хүн бүрт хүртээлгүй байсан “high fashion” ертөнцийг масс зах зээлд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Пьер Кардены брэнд бүтээгдэхүүн өнөөдөр дэлхийн таван тивийн 140 гаруй оронд зарагддаг гэсэн баримт бий.

Пьер Карден 1922 онд Италийн Тревисо хотын орчимд 11 хүүхэдтэй айлын отгон хүүхэд болон мэндэлжээ.

Түүнийг бага байхад гэр бүл нь Муссолинигийн дэглэмээс зугтаж, Францад ирж суурьшсан байна.

Францын аж үйлдвэрийн хот Сэйн Этьенд өссөн Карден эхэндээ архитектор болох мөрөөдөлтэй байсан ч сүүлдээ хувцас загварын ертөнцөд татагдах болжээ.

17 насандаа анхны хувцсаа эсгэж оёсон Карден 1947 онд Парист нүүж, “Beauty and the Beast” киноны багт найруулагч Жан Коктотой хамтран ажилласан байна.

Кокто түүнийг Кристиан Диортой танилцуулснаар 1950 онд өөрийн хувцас загварын брэндийг үүсгэж байжээ.

1969 онд алдар нэрийн оргилд хүрээд байхад нь АНУ-ын NASA түүнд сансрын нисгэгчийн өмсгөл зохион бүтээх захиалга өгч байв. Улмаар 1979 онд тэр Францын загвар зохион бүтээгчдээс Хятадад бүтээгдэхүүнээ гаргасан анхны хүн болж, 1983 оноос Зөвлөлт Холбоот Улсад бүтээгдэхүүнээ гаргаж эхэлжээ.

1991 онд Москвагийн Улаан талбайд хувцас загварын шоу зохион байгуулсан анхны дизайнер Пьер Карден болж байв. Уг арга хэмжээг 200,000 орчим хүн үзсэн гэдэг.

2000-аад оны үед санхүүгийн хямралд орсон Карден 2011 онд брэндээ нэг тэрбум еврогоор зарах зар гаргасан ч худалдан авагч олдоогүй юм. Авьяаслаг загвар зохион бүтээгчээс гадна бизнесийн өндөр мэдрэмжтэй гэгддэг Пьер Карден 1987 онд Нью Йорк Таймс сонинд ярихдаа “Би бол төрөлхийн уран бүтээлч хүн, нөгөө талаар бас бизнесмэн хүн” гэж хэлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian