Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

400 гаруй Их Британийн иргэн нэг шөнийн дотор Швейцарийн тусгаарлах байрнаас оргожээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн шинэ хувилбар илэрсэнтэй холбоотойгоор Швейцарийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт Их Британийн иргэдийг ирэхэд нь 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан юм.

Арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн энэ журам хэрэгжсэн бөгөөд үүнээс гадна арванхоёрдугаар сарын 14-нөөс хойш Швейцарьт ирсэн британичуудыг нөхөж 10 хоног тусгаарлахаар болсон байна.

Уг шийдвэр Зул сарын баярын амралтаа Швейцарийн цанын баазуудад өнгөрөөхөөр ирсэн Их Британийн мянга мянган иргэдэд хүнд цохилт болжээ.

Энэ жилийн Зул сарын баяраар нийтдээ 3,500 орчим хүн тус улсаас Швейцарт ирсэн гэсэн тоо бий.

Тэгвэл дээрх шийдвэрийг гарсны дараа Францын хилээс холгүй оршдог Вербье цанын баазад тусгаарлагдсан 420 хүний ихэнх нь нэг шөнийн дотор оргож, Францаар дамжин нутаг буцсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Орголтын дараа тус баазад Британийн ердөө 12 иргэн үлдсэн байна. Тусгаарлах журмыг зөрчвөл 10,000 швейцарь франкын торгуультай байдгийг ч үл хайхран британичууд ийнхүү оргожээ.

Энэ явдлын дараа Швейцарийн эрүүл мэндийн сайд Алайн Берсет “Ийм зүйл болсныг бид мэдсэн. Тусгаарлах журмыг зөрчсөн нь харамсалтай хэрэг. Нөхцөл байдал ноцтой байсан тул бид хэдхэн цагийн дотор шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан. Энэ нь асуудал үүсгэсэн байх. Гэхдээ бид бодит байдалтай дасан зохицож амьдрахаас өөр аргагүй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж ярьсан байна.

Оргосон британичуудын нэг Европын Холбооноос гарах хөдөлгөөний идэвхтэн асан Энди Уигмор гэр бүлийн хамт 3 цаг цанаар гулгаж, Францын нутагт нэвтэрсэн нь “The Sound of Music” киноны гол баатар Швейцар-Францын хилийг давж Нацистуудаас зугтсан үйл явдлыг санагдуулж байсныг ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian