Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Өлзийбаяр: Хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах үүднээс ЛэндМН 40 сая ширхэг хувьцаагаа эргэн худалдаж авна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 28
Сурталчилгаа

Ард Капитал групп ҮЦК-ийн гүйцэтгэх захирал, “ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Өлзийбаяртай ярилцлаа.


 

-”ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн хурал энэ сарын 23-нд болжээ. Хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэв?

-Удирдах зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудлуудыг шийдлээ. Үүнд, Эрсдлийн удирдлагын хорооны тайлан, Аудитын хорооны тайланг авч хэлэлцсэн. ЛэндМН-ийн удирдах зөвлөлд миний бие шинээр хараат бус гишүүнээр орж байгаатай холбогдуулан хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Үүнээс гадна цаг үе, нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг авч хэлэлцлээ. Ковид-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн нөхцөл байдалд компанийн үйл ажиллагаа хэрхэн явж байна, 2021 оны төлөвлөгөөг гаргахдаа компанийн үйл ажиллагааны чиглэл, стратегид өөрчлөлт оруулах эсэх талаар мөн хэлэлцсэн.

Удирдах зөвлөлөөр шийдсэн дараагийн нэг асуудал бол компани өөрийнхөө хувьцааг эргүүлэн худалдан авах тухай байлаа. Компани нийт гаргасан энгийн хувьцааныхаа тав хүртэлх хувийг зах зээл дээрээс худалдаж авах эрхийг ТУЗ-аас Гүйцэтгэх захиралд өгсөн.

-Компани өөрөө хувьцаагаа эргүүлэн худалдан авах шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь юу байв?

-Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдалд дүгнэлт хийн энэ шийдвэрийг гаргасан. Олон нийтээс хөрөнгө төвлөрүүлсэн хувьцаат компанийн гол зорилго нь хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг унагахгүй байхад анхаарах явдал. “ЛэндМН ББСБ” ХК маш богино хугацаанд IPO хийж, Монгол Улсын Банк бус санхүүгийн салбарын топ тавын нэг болж, энэ цаг үед ч амжилттай сайн ажиллаж байгаа. Хэдий тийм ч өнөөдрийн хөрөнгийн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн онцлог зэргээс хамаарч хувьцааны ханш компанийн үйл ажиллагаатай уялдахгүй байгаа учраас дээрх шийдвэрийг гаргалаа.

Манай хөрөнгийн зах зээлд урт хугацаанд хөрөнгө оруулдаг мэргэжлийн хөрөнгө оруулагчид дутмаг байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын сан төдийгүй дотоодын хөрөнгө оруулалтын сан маш цөөхөн. Тэтгэврийн сангууд байхгүй. Ихэвчлэн жижиглэнгийн хувьцаа эзэмшигчид л байгаа юм. Жижиглэнгийн хөрөнгө оруулагчид давамгайлсан зах зээл ихэвчлэн богино хугацааны тоглолт анзаарагддаг. Гэтэл хувьцаа гэдэг өөрөө урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг. Ийм нөхцөлд компанийн өөрийнх нь үйл ажиллагаа хувьцааны үнэлгээнд харагдахгүй, тусгал болж чадахгүй байх нь бий.

Өнөөдрөөс хоёр жил хагасын өмнө ЛэндМН 25 төгрөгөөр IPO гаргаад маш амжилттай арилжаалсан. Таван тэрбум төгрөг босгох ёстой байтал 42 тэрбум төгрөгийн захиалга орж ирж, хоёрдогч зах зээлийн арилжаагаар хувьцааны ханш 78 ₮ давж байсан. Гэтэл он гарсаар хувьцааны ханш буусаар сүүлийн 30 хоногийн арилжааны дундаж ханш нь 29 төгрөг болчхоод байгаа. Тиймээс компани хувьцааныхаа хөрвөх чадварыг сайжруулах, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгийн үнэ цэнийг  хамгаалах үүднээс тав хүртэлх хувийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаар шийдвэрлэсэн.

Үүсгэн байгуулагдаад 3 жил, олон нийтэд хувьцаагаа гаргаад 2 жил хагас өнгөрсөн компани одоо бэлэн мөнгөний нөөц сайтай, компани өөрийнхөө хувьцааг эргүүлэн худалдан авах чадвартай болсон. Дээрх шийдвэрийг гаргах нэг шалтгаан нь бас энэ.

-Цар тахлаас үүдэн эдийн засаг хүнд байгаа энэ үед хувьцаагаа компани эргүүлэн худалдан авах нь иргэдэд илүү ашигтай гэж ойлгож болох нь ээ.

-Тэгэлгүй яахав. Энэ нь аль болох л хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг хамгаалж, одоогийн ханшнаас доош оруулахгүйн тулд гаргаж байгаа шийдвэр юм. Мөн зах зээлээс хувьцаагаа худалдан авч нийлүүлэлтийг барьснаараа ханшийг тогтворжуулах бодлого барьж байгаа гэсэн үг. 

-Компанийн хувьд энэ шийдвэрийг гаргаснаараа эрсдэл хүлээж байгаа юу. Ер нь компани өөрийн хувьцаагаа худалдан авдаг жишиг дэлхий нийтэд байдаг уу?

-Бид бүхий л талаараа судалж, тооцсоны үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан. Өнөөдөр компанид байгаа бэлэн мөнгөний нөөц, хувьцаа эзэмшигчдийнхээ төлөв байдал, бүтцийг хараад энэ шийдвэрийг гаргасан гэсэн үг. Аль болох компанид эрсдэл бага байхаар тооцоолсон. Яахав зээлэнд гаргаж байх ёстой бэлэн мөнгөөрөө компани хувьцаагаа худалдан авах нь гэх шүүмжлэл гарахыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас хувьцаат компани учир хувьцааны арилжааны идэвхийг харгалзан хөрвөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь бас нэг анхаарах асуудал юм. Энэ нь Компанийн тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд хийгдэж байгаа ажил.

Бусад улс орнуудад ч энэ нь өдөр тутамд болдог үйл явдал. Компанийнхаа хувьцааг хэт хямдхан байна гэж үзэж байгаа тохиолдолд, мөн эдийн засгийн хямралын үед хувьцаагаа эргэн худалдаж авдаг. Жишээ нь, 2008, 2009 оны хямралын дараа АНУ-д маш олон компаниуд өөрийнхөө хувьцаагаа эргүүлэн худалдан авч байсан. Энэ бол дэлхий нийтэд байдаг л жишээ юм. Жишээ нь бидний сайн мэдэх Apple, Tesla, Tencent гээд том том компаниуд хувьцаагаа эргүүлэн худалдан авах ажиллагааг тогтмол хийдэг.

-Тав хүртэлх хувийн буюу 40 сая ширхэг хувьцаагаа эргэн хэдэн төгрөгөөр худалдан авах вэ?

-Өнөөдрийн ханшаар тооцвол хамгийн ихдээ 30 төгрөг 49 мөнгө. Бид өмнөх 30 хоногийн буюу 20-22 өдрийн арилжааны жигнэсэн дундаж ханшнаас дээд тал нь 5 хувиар нэмүү ханшийн хүрээнд л хувьцаагаа авах боломжтой гэсэн үг. Хувьцаа эзэмшигчид үүнийг богино хугацаанд битгий хараарай. Үр дүн нь яваандаа гарах болно. Цаашдаа хувьцааны ханшинд компанийн үйл ажиллагаа тусгалаа олно. Бид хувьцаагаа худалдан авах ажлыг анх удаа хийж байна. Цаашдаа ч энэ үйл ажиллагааг тогтмол хийнэ гэж харж байгаа. Хувьцааны үнэ ханш, арилжаа, эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад олон улсын жишгээр энэ үйл ажиллагааг байнга хэрэгжүүлэх болно.

 

-Та ЛэндМН-ий багт шинээр орж ажиллаж байна. Энэ баг хамт олныг хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ. Хамтран ажиллах болсон шалтгаан нь юу байв?

-”ЛэндМН ББСБ” ХК-тай энэ оны зургадугаар сараас эхлэн хамтран ажилласан. Бид хамтран олон нийтэд ЛэндМН нээлттэй бондыг гаргаж, энэхүү ажлын андеррайтераар ажилласан. Бонд гаргах үйл явцад хамтран ажиллаж байхад энэ компанийн хамт олон нь менежментийн ур чадвар сайтай, компанийнхаа үйл ажиллагаанд итгэлтэй, хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаа нь ажиглагдсан. Монгол Улсад жишиг тогтооё гэдэг эрмэлзэл энэ хамт олонд байдаг юм билээ. Олон улсад зөвшөөрөгдсөн жишгийг Монгол Улсад оруулж ирье, хувьцаат компани ямар л байх ёстой яг түүгээр ажиллая гэсэн эрмэлзэл дүүрэн баг хамт олон санагдсан.

Андеррайтераар ажиллаж буй бидний зүгээс маш олон бичиг баримт шаарддаг. Тэр бүрийд л шаардлагатай бичиг баримтыг замбараатайгаар, яв цав бэлддэг. Ерөнхийдөө маш сахилга баттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч учраас бидний нээлттэй бонд гаргах үйл ажиллагаа маш богино хугацаанд амжилттай явагдсан.

Харин үүний дараа ЛэндМН-ий хамт олон надад хамтран ажиллах санал тавьсан. Миний хувьд энэхүү саналыг хүлээж авсан. Учир нь надад энэ компанийн үйл ажиллагаа их сонирхолтой санагдаж байгаа. Технологийн дэвшилтэт арга барилыг ашиглаж санхүүгийн зах зээлийн үйлчилгээг яаж хүртээмжтэй болгох вэ гэдэг чиглэлд хийх ажлууд маш их бий. Энэ компанийн ТУЗ-д жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн хараат бус гишүүнээр орсноороо би өөрийнхөө зүгээс оруулж чадах ямар л хувь нэмэр байна түүнийгээ зориулж ажиллана гэж бодож байгаа. ЛэндМН-ийн эрч хүчтэй хамт олонтой хамтран ажиллах их сонирхолтой байна.

"ЛэндМН ББСБ" ХК-ийн хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөртэй дараах холбоосоор орж танилцах боломжтой. 

https://lend.mn/postdynamic.html?article=1529754764767776355 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.